"COVID-19"-д аялал жуулчлалын бизнес илүү өртөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-13 17:41:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн төлөөллийн байгууллага МҮХАҮТ "COVID-19"-ийн халдварын эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг олон улсын хэмжээнд авч үзсэн хувилбарыг танилцуулав. 

МҮХАҮТ-ын мэдээлэл нь "Маккинси" компанийн хийсэн судалгаанд үндэслэжээ. Үүгээр коронавирусний эх үүсвэрийн голомт болсон БНХАУ-ын Хубэйгээс бусад мужид эдийн засаг 2 дугаар улирлаас эхлэн сэргэж, үүнд том үйлдвэрүүд тэргүүлж, ЖДҮ-ийн хувьд хэвийн байдалдаа удаанаар орно гэсэн байна. Учир нь ашгийн түвшин багатай жижиг худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн эргэлт буурч, хөрвөх чадвар нь эрсдэлд орсон. Мөн ажиллагчдын хомсдолд орж, цалин, эргэлтийн хөрөнгийн дарамтад ноцтой өртөөд байгаа.

"COVID-19"-ээр өвчилсөн хүмүүсийн нас баралт багасаж, халдварын тохиолдол буурсан, эмчилгээний ирээдүйтэй хувилбаруудаас шалтгаалан хэрэглэгч, үйлчлэгчдийн итгэл мөн 2-р улиралд сэргэнэ. Ингэснээр хоол, хүнс, хүргэлтийн үйлчилгээ, онлайн сүлжээ зэрэг бизнесийн салбар эхэлж сэргэнэ гэж тооцжээ. 


Дэлхийн хэд хэдэн бүс нутагт вирус нь улирлаас шалтгаалж, агаарын тээвэр, аялал жуулчлалын салбараар дамжин тарах чадваргүй гэсэн баталгаа, нотолгоо гарч, үүний үр дүнд улс орнууд хилийн хоригоо цуцалж эхэлнэ гэсэн байна. Гэхдээ үйлчилгээ, хэрэглээний салбарыг бодвол аялал жуулчлал, агаарын тээврийн салбар илүү урт хугацаанд сэргэх нь. Учир нь дэлхий нийтэд тархаад буй "COVID-19"-ийн халдвар дээрх 2 салбарт хамгийн их сөргөөр нөлөөлж буй юм. 


Азийн аялал жуулчлалын томоохон төвүүдээс ирэх жуулчид 20 хувиар цөөрснөөр тус салбарын хөгжил саарч, дэлхийн хэмжээнд эрэлт 40 хувь хүртэл буурах төлөв гарчээ. Энэ салбарт дотоодын аялал жуулчлал илүү хурдтай сэргэх бол олон улсын хэмжээний аялал жуулчлалын сэргэлт удаан үргэлжилнэ. 


Агаарын тээврийн салбарын тухайд "COVID-19" дэлхийн шинэ бүс нутаг, улс оронд тархсанаар Ази, Номхон далайн чиглэлд үйлчилдэг агаарын тээврийн компаниудад учирч буй хохирол улам бүр нэмэгдсээр байна. Аялал жуулчлал, агаарын тээврээс илүү үйлчилгээ, санхүүгийн зах зээл түрүүлж сэргэнэ хэмээн дүгнэжээ. 



Олон улсын хэмжээний суурь таамаглалын дээрх мэдээлэлд цахилгаан бараа, электроникийн салбарыг мөн онцолсон байна. Юу гэвэл өвчний голомт болсон БНХАУ-ын Ухань нь хагас дамжуулагч, шилэн кабелийн төв гэдгээр олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд чухал үүрэг гүйцэтгэж байсныг дурдсан байна. Улмаар одоо "COVID-19"-ээс шалтгаалж үйлдвэрлэл зогссон учир энэ нь нийлүүлэлтийн анхдагч сүлжээнд сөргөөр нөлөөлсөөр байна. Мөн өвчлөл өргөн тархсан БНСУ электроникийн бараа, бүтээгдэхүүний 28 хувийг экспортолдог нь цахилгаан барааны нийлүүлэлтийн сүлжээ тасалдах эрсдэлийг дагуулж байгаа аж. 


Холбоотой мэдээ