Улсын Онцгой комиссоос Завхан аймагт дахин өвс тэжээл олгоно

Орон нутагт | Дундговь
myagmarsuren@montsame.mn
2020-03-15 11:16:00

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт хаваржилт хүндэрч 24 сумын хэмжээнд 18 мянган толгой мал хорогдоод байна. Үүнтэй холбоотой өвс, тэжээлийг дахин хөнгөлөлттэй үнээр олгох хүсэлтийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан улсын Онцгой комисст тавьжээ.

Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинээр ахлуулсан улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнгөрсөн хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд баруун аймгуудад ажиллах үеэр Завхан аймагт 803 тонн өвсийг үнэгүйгээр, 905 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн билээ. Завхан аймгийн Засаг даргын саналаар тус шийдвэрийг сар шинийн баяраас өмнө малчны хотонд хүргэхийг зөвшөөрчээ. Иймд Завхан аймгийн Онцгой комиссоос улсын нөөцөөс олгосон дээрх өвс, тэжээлийг сар шинийн баярын өмнө өвөлжилт хүндэрсэн сумдад  хуваарилж, малчдын хотонд хүргэх ажлыг зохион байгуулсан байна.

Монгол Улсын Шадар сайдын дээрх шийдвэрийг 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдрийн хурлаар албажуулж, бусад аймгийн хамтаар 8.3 мянган тонн өвс, тэжээл хуваарилахаар шийдвэрлэжээ. Ийнхүү Завхан аймагт Улсын нөөцөөс дахин 579 тонн өвс, 450 тонн тэжээлийг хөнгөлөлттэй үнээр малчдад олгох тухай хүсэлтийг Завхан аймгийн Засаг дарга 2020 оны 3-р сарын нэгний өдөр улсын Онцгой комисст тавьжээ. Өнөөдрийн байдлаар Завханы нийт суманд хоёр, гуравдугаар сард их хэмжээний цас орсны улмаас тал газраа 40-60 см, уулархаг газраа 60-80 см, гуу жалгандаа 1-2 м цастай болж үелсэн мөсөн бүрхүүл тогтож, хаваржилт хүндрэх төлөвтэй байна.

Завханы Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул, Тэс, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Тэлмэн, Түдэвтэй, Цагаанхайрхан, Яруу, Идэр, Улиастай. Алдархаан, Цагаанчулуут зэрэг сум цагаан зудтай, дөрвөн сум цагаанаар зудархуу ангилалд багтжээ. Аймгийн Онцгой комисс, аймгийн Засаг даргын зүгээс улсын чанартай зам даваануудыг нээх, Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул, Асгат, Баянхайрхан, Нөмрөг суманд зам, давааг онгойлгоход шаардлагатай хүн хүч, машин механизмыг дайчлан дальпуу татах ажлыг зохион байгуулж байна.

Төл мал жилбэ муутай хаваржиж байна

Хаваржилт хүндэрсэнтэй холбоотой байгууллага, иргэд өөрсдийн санаачилгаар хандив өргөж эхэлжээ.

Тухайлбал Хөх Тамга НҮТББ-аас Тосонцэнгэл, Их-уул, Тэлмэн сумдын малчдад зориулж хандивын аян өрнүүлж байна. Тэд эхний ээлжид 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 1000 боодол өвсийг малчдад өгчээ. Мөн Их-Уул сумын Госог Дашравжаалин хийдээс 350 мянган төгрөгийг хандивлажээ. Багуудын хаагдсан замыг онгойлгох ажлыг эрчимтэй хийж байна. Харин хаваржилт хүндрээд буй Тосонцэнгэл сумын хувьд өнөөдрийн байдлаар 10 гаруй толгой мал өвөлжиж байна. Аймгаас тус сумын Идэр, Оргих багуудад 100 тонн тэжээл, 60 тонн өвсийг олгожээ. Мал төллөөд 10 гаруй хонож байна. Гарсан төл мал жилбэ муутай, тэжээлд оржээ. Аймаг сумаас болон малчдын нөөцөлсөн өвс тэжээл дуусаж зарим суманд нэмэлт өвс тэжээлийг Баян Өлгий аймгаас татахаар болоод байгаа аж. 

Холбоотой мэдээ