Махны үнэ нэмсэн “Номин тав трейд” ХХК-ийг 20 сая төгрөгөөр торгожээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-17 12:28:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Махны үнэ үндэслэлгүйгээр нэмсэн “Номин тав трейд” ХХК-д 20 сая төгрөгийн торгууль ногдуулсан тухай ШӨХТГ өнөөдөр мэдээлэв.


Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 78 дугаар тогтоолын дагуу Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалт, үнийн тогтвортой байдлыг хянах чиг үүргийг ШӨХТГ болон холбогдох төрийн байгууллагад өгчээ. Энэ дагуу ШӨХТГ-ын улсын байцаагчид зах, худалдааны төв, ААН-үүдийг шалгаж байгаа юм.


ШӨХТГ-ын дарга Б.Лхагва, “Номин тав трейд”  ХХК буюу Улсын их дэлгүүр нь махны үнэ нэмсэн гэх асуудлыг энэ сарын 12-16-нд шалгасан. Шалгалтаар тус компани энэ сарын 10-наас нэг килограмм тутамд хонины ястай махны үнийг 1500 төгрөгөөр, үхрийн ястай махыг 2000 төгрөгөөр, үхрийн цул махыг 3500 төгрөгөөр тус тус нэмсэн байна.  Тухайлбал, үхрийн мах нэг килограмм тутамд 14999 төгрөг байсныг 17999 төгрөг болгон нэмсэн нь тогтоогдсон. Онцгой нөхцөл байдлын үед махны үнийг үндэслэлгүйгээр нэмж хэрэглэгчийг хохироосон үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа” хэмээв.

ШӨХТГ-аас өнгөрсөн долоо хоногт мөн “Emart” төвд махны үнэ нэмснийг тогтоож 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм.


Мөн тус газраас Роснефть компаниас шатахуун импортлож жижиглэнгээр борлуулдаг ААН-үүдэд хилийн чанад дахь үнэтэй уялдуулан борлуулж буй бензиний үнийг багасгах талаар мэдэгдэл хүргүүлснийг мэдээллээ. Роснефть компанийн шатахууны үнэ энэ сард А-80 тонн тутамд 539 ам.доллар, АИ-92 569 ам.доллар, дизель түлш 566 ам.доллар болж багассан байна. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарынхтай харьцуулахад, А80, АИ92 автобензин тонн тутамдаа 58 ам.доллар, дизель түлш 86 ам.доллароор тус тус багасжээ.

Холбоотой мэдээ