Зээлийн эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-03-18 19:22:36

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дэлхий нийтийг цочроогоод буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хот хоорондын автозам, төмөр замыг тодорхой хугацаанд хааж, үйлчилгээний зарим байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох, заагдсан цагийн хуваарийн дагуу ажиллаж буй энэ үед Сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдэд таатай захирамж гаргалаа.

Тодруулбал Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан ихэнх жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаагаа хязгаарлалтын горимд ажиллаж байгааг үндэслэн Дархан сумын "Сум Хөгжүүлэх сан"-гаас  зээл авсан иргэн, ААНБ-уудыг 4,5,6 сарын зээлийн эргэн төлөлтөө зээл төлөх үлдсэн хугацаандаа багтааж төлөх боломж олголоо.

2018, 2019 онд зээл авсан, хэвийн эргэн төлөлттэй иргэд, ААНБ-уудын зээлийн үндсэн төлбөр, хүүг гурван сарын хугацаанд хойшлуулахаар болов. Ингэснээр 2020 оны 4,5,6 сарын зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж зээлээ үлдсэн хугацаандаа төлөхөөр болгожээ.

Тус захирамжийг үндэслэн хүсэлт гаргасан иргэн, ААНБ-ын эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, дээрх хугацаанд алданги тооцохгүй байхыг Сум хөгжүүлэх сангийн нягтлан бодогч В.Пүрэвсүрэнд үүрэг болгосон байна.

Захирамжийн талаар иргэд жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнесийн тогтвортой байдал, ажлын байраа хадгалан үлдэх болон эдийн засгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн цаг үеэ олсон гэж иргэд цахим орчинд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсээр байна.

Холбоотой мэдээ