Жуулчид 2020 оны захиалгаа цуцалж эхэлжээ

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-03-31 15:00:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн ихэнх оронд бүртгэгдээд буй коронавирусний халдвараас сэргийлж гадаад улс орнууд хилээ хаах болсноор Монгол орныг зорих жуулчид аяллын оператор компаниудад хандан захиалгаа цуцалж эхэлсэн байна.


Монголын аялал, жуулчлалын салбар 2019 онд 577 мянга 262 жуулчин хүлээн авч 607 сая 231 мянган ам.долларын ашигтай ажилласан бол өмнөх 2018 онд 529 мянга 360 жуулчин хүлээн авч 550 сая 947 мянган ам.долларын ашигтай байсантай харьцуулахад жуулчин 9 хувиар, олох ашиг 10 хувиар тус тус өссөн байна. Харин энэ үзүүлэлт 2020 онд 20 гаруй хувиар өснө гэсэн хүлээлттэй байсан юм.



Ийнхүү коронавирусний халдварын цар тахлаас үүдэж манай аялал, жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдэд эдийн засгийн хүнд дарамт учруулах нөхцөл бүрджээ. Улмаар дотоодод 50-60 мянган ажлын байр бий болгодог тус салбарын компани, аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа цомхотгож болзошгүй байна.


Монгол орныг сүүлийн жилүүдэд зорин ирдэг нийт жуулчдын 31 хувь нь БНХАУ, 26 хувь нь ОХУ, 16 хувь нь БНСУ, 4 хувь нь Япон болон АНУ-ын иргэд байдаг аж. Мөн Франц, Англи, ХБНГУ Казахстан, Тайвань, Хонконг, Канад, Италиас ч жуулчид ирдэг юм байна. 



Холбоотой мэдээ