Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-04-02 17:41:01

 

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар хуурайшилт их байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Цагдаагийн газраас онцгойлон анхааруулж байна.

Цагдаагийн газарт сүүлийн гурван жилийн хугацаанд ой хээрийн түймэр тавих гэмт хэрэг дөрөв бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас байгаль, экологид 370 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. Иймд ой, хээрийн бүсэд зорчин явахдаа иргэд та бүхэн автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, хаврын хуурайшилттай энэ цаг үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх, ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна. Мөн асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байхыг санууллаа.

Түүнчлэн гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргахыг зөвлөж байна. Мөн хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх, түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

 

 

Холбоотой мэдээ