Ерөнхийлөгч Х.Баттулга СЕХ-нд үүрэг өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-04-09 12:28:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны удирдлагуудыг өнөөдөр хүлээн авч уулзан үүрэг өгчээ.


Дэлхий нийтэд коронавирус тархаж буй эрсдэлтэй цаг үед УИХ-ын ээлжит сонгуулийг хэрхэн зохион байгуулах, санал авах байрны тоог нэмэх боломж, сонгуулийн зардал нэмэгдэх магадлал байгаа эсэх зэргийг судлан, Засгийн газар, УОК-т саналаа хүргүүлж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийг үүрэг болгосон байна. Мөн нам, эвслээс эсхүл бие даан нэр дэвшигч олон нийтийг цуглуулахгүйгээр сурталчилгаагаа хэрхэн явуулах талаар УОК-оос санал авах, Болзошгүй ажлын төлөвлөгөө буюу онц байдлын үед хэрхэн ажиллах талаарх төлөвлөгөө боловсруулж, батлахыг үүрэг болгожээ.


Энэ талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэвлэлийн бага хурал хийхдээ, “Сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт зориулсан сургалтыг цахимаар зохион байгуулахаас эхлээд СЕХ-оос төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хангаж байна. Ирэх долоо хоногт Болзошгүй ажлын төлөвлөгөөгөө баталж, Засгийн газар, УОК болон ЭМЯ-нд хүргүүлнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах эсэх талаар мэдээ мэдээлэл гарах болсон. Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Онц байдлын тухай хуульд сонгуулийг хойшлуулах, зогсоох асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэсэн тодорхой зохицуулалт бий. СЕХ хууль хэрэгжүүлэгч байгууллага тул УИХ-аас гаргасан шийдвэрийг дагах болно” гэлээ.

Холбоотой мэдээ