Тайландад вирустэй тэмцэх робот бүтээжээ

Дэлхийд | Сонин хачин
khulan@montsame.gov.mn
2020-04-10 11:13:29

БАНГКОК. /NHK/. Тайландын эрдэмтэд, инженерүүд вирусийг хэт ягаан туяагаар устгадаг робот бүтээжээ. Вирусээр халдварлах өндөр эрсдэлтэй эмнэлгийн ажилтнууд болон өвчтөнүүдэд туслалцаа үзүүлэх үүднээс уг роботыг ойрын хугацаанд эмнэлгүүдэд байрлуулахаар төлөвлөж байгаа ажээ.


Тайландын Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн үндэсний агентлаг, “Chulalongkorn” их сургуулийн мэргэжилтнүүдийн хамтран бүтээсэн энэхүү роботод суурилуулсан хэт ягаан туяа цацруулагч нь хоёр метрийн доторх вирусийг 30 минутын дотор устгадаг байна. Мөн уг роботыг ухаалаг гар утас ашиглан алсаас удирдах боломжтой гэнэ.


Энэхүү робот амьсгалын замын цочмог халтай хам шинжийг /SARS/ үүсгэгч вирусийг устгахад үр дүнтэй гэдэг нь батлагдсан тул шинэ коронавирусийг устгахад ашиглах боломжтой хэмээн мэргэжилтнүүд найдаж байгаа ажээ.


“Бидэнд байгаа ариутгалын спирт, шингэний нөөц дуусаж байгаа тул энэхүү шинэлэг шийдэл нь тайландчуудад ихээхэн ач холбогдолтой юм” гэж Шинжлэх ухаан, технологийн хөгжлийн үндэсний агентлагийн төлөөлөгч Сиварук Сивамогсатам мэдээлсэн байна.


Тайландын Засгийн газар өнгөрсөн долоо хоногоос орон даяар шөнийн цагаар хөл хорио тогтоосон юм. Тус улсад сүүлийн мэдээллээр 2000 орчим хүн халдвар авчээ. Жуулчдын аялах дуртай Паттайя хот дахь бизнесийн үйл ажиллагааг өчигдрөөс зогсоосон бол жуулчдын сонирхлыг ихэд татдаг Пхукет болон 13 мужийн бизнесийг хэдийн зогсоожээ.  

Холбоотой мэдээ