Зорчигч тээврийн хамгийн ахмад вагон 57 “настай”

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-04-13 14:53:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "УБТЗ" ХНН зорчигч тээврийн 276 вагонтой. Тэдгээрийн 74 хувь нь хугацаа хэтэрсэн буюу 28-аас дээш жил ашиглаж буй хэт хуучирсан вагонууд байдаг байна.


Зорчигчийн нэг вагоны ашиглалтын хугацаа 28 жил байдаг аж. Тэгвэл ашиглах хугацаа 5 жил хэтэрсэн 46 вагон байгаа нь составын 16.67 хувийг эзэлж байна. Түүнчлэн 34-37 жил ашигласан 57 вагон байгаа нь 20.65 хувь, 38-40 жил ашигласан 35 вагон нь нийт паркийн 12.6 хувь, 41-ээс дээш жил болсон 65 вагон байна. Хамгийн олон жил буюу 57 жил ашиглаж буй вагон ч байдаг аж.


Тус нийгэмлэгийн Зорчигчийн вагон депогийн засварынхан өөрсдөө засварласаар вагонуудын ашиглалтын хугацааг ийнхүү уртасгасаар иржээ. "Паркаа шинэчлэхэд дор хаяж жилд 20-30 вагон шинээр худалдаж авах шаардлагатай байдаг" тухай УБТЗ-ын Удирдах газрын Зорчигч тээврийн албаны засвар хариуцсан орлогч дарга Б.Ганбаатар ярьж байна.


Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар манай улсад ЗХУ болон ОХУ, БНХАУ, хуучин БНАГУ-д буюу зүүн Германд үйлдвэрлэсэн вагонууд зорчигч тээвэрт үйлчилж байна.


Холбоотой мэдээ