Ж.Баярхүү: Манай бүтээгдэхүүн хүн, малыг эрүүлжүүлэх байгалийн гаралтай шилдэг бүтээл

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-04-17 10:45:06
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговийнхон малын шимт тэжээл, хөрсний бордоо бүхий 100 хувийн байгалийн гаралтай шинэ бүтээгдэхүүнийг саяхнаас хэрэглэж эхэлжээ.

Энэхүү бүтээгдэхүүний үйлдвэрийг “Хан дээж” ХХК аймгийн төвд байгуулсан юм. Тус компани геологи, уул уурхайн хайгуул, судалгаа, шинжилгээ, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жил болж байгаа байгууллага. 

Энэхүү үйлдвэр нь одоогоор малын тэжээл, хөрсний бордоо, хурдан морины тэжээл гэсэн гурван бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд гаргаж байгаа ба удахгүй хүн амыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн гаргахад бэлэн болжээ. 

Тус үйлдвэрийн бүтээгдэхүүний гол түүхий эд нь Монгол Улсын стандартад нийцсэн, 70 сая жилийн турш гуманжих процессын үр дүнд үүссэн, 85 хувийн агуулгатай леонардит буюу хүрэн нүүрс юм.  Өөрөөр хэлбэл, хүрэн нүүрсний тунамал давхарга нь гумины хүчлээр хамгийн баялаг түүхий эд болох леонардитыг агуулдаг байна. Леонардитын өндөр агууламжтай энэ нүүрс нь Дундговь аймгийн төвөөс баруун тийш 90 км-т орших Цагаан-Овоогийн уурхайнх юм. 

Леонардит нь байгаль дээр ховор түүхий эдэд тооцогддог ба олон оронд хийсэн шинжилгээний дүнгээс 100 хувь байгалийн бүтээгдэхүүн болох нь тогтоогджээ.

Ямар нэг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд маш их судалгаа шинжилгээ хийх нь зайлшгүй. Тиймээс энэхүү бүтээгдэхүүнээ гаргахын тулд “Хан дээж” ХХК найман жил гаруй хугацаанд судалгаа хийжээ.  

Компанийн захирал Ж.Баярхүү хэлэхдээ “олон орны гумины томоохон үйлдвэрүүдээр явж, технологийг нь судалж, зарим технологийг нь худалдаж авсан. БНХАУ, ОХУ, Унгар, Болгарын эрдэмтэд ирж, үйлдвэрийн түүхий эдийн агуулга өндөр (85 хувь) хэмээн дүгнээд хамтарч ажиллахыг хүссэн. Манай түүхий эд бол гайхамшигтай. Үйлдвэрээ Дундговь аймагт байгуулсан нь их учиртай. Нэгдүгээрт түүхий эдээ түшиглэсэн, хоёрдугаарт энэ баялгийнхаа үр шимийг Дундговийнхон хүртэх ёстой гэж боддог. Дундговийн хүн нь эрүүл, мал нь эрүүл, хөрс нь эрүүл байх учиртай. Дараа нь үйлдвэрээ томруулж, Монгол Улсынхаа малыг, хүнийг эрүүлжүүлж болно” гэсэн юм. 

Бүх л амьд организм өдөрт авах ёстой эрдэс тэжээлийнхээ 80-90 хувийг авч байхад эрүүл саруул байдаг аж. Харин хүн ч тэр, амьтан ч тэр, ургамал ч тэр энэ эрдэс тэжээлээ авч чадахгүй байгаа учраас л өвчлөлд өртөж байгааг дэлхийн олон эрдэмтэд тодорхойлсон байна. 

1980-1990 онд Европ болон дэлхийн олон оронд гумины бэлдмэлийн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж өргөнөөр хэрэглэж байгаа бол энэ үйлдвэрлэл Монгол Улсын хувьд эхлэл төдий хөгжиж байгааг Ж.Баярхүү онцолсон. 

Гумины хүчил хоргүй концроген, мутаген үйлчилгээгүй тул экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргаж авах нөхцөл бүрдүүлдэг байна. Мөн ийм төрлийн бүтээгдэхүүнийг орчин үед эрүүл мэндийн бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн бүх төрлийн таримал ургамалд байгалийн бордоо, таван хошуу мал, буга, гахай, тахиа, загас гэх мэт бүх амьтанд тэжээлийн нэмэгдлээр өгөх ба өөр олон салбарт түүнийг ашиглаж байгаа аж.  

Тус компанийн үйлдвэрлэж байгаа “Тэжээлт бор” малын тэжээлд амьд организмд хэрэгтэй нүүрстөрөгч, устөрөгч, хүчил төрөгчөөс гадна кали, натри, фосфор, кальци, төмөр, манган, зэс гэх мэтийн биоэлементүүд малын бие махбодид нөлөөлөх хэмжээгээр агуулагддаг ба шар ба хар гумин нь 74 төрлийн эрдэс бодис, 10 төрлийн витамин, 18 хүчлээс бүрддэг байна.  

Шар болон хар гумины бэлдмэл бол хордлогыг маш хурдан тайлж, хурдан морийг эрүүлжүүлж, хурд хүчийг нэмэгдүүлдэг ба 15-20 хоног хэрэглэхэд эхний үр дүн гардаг. 

“Тэжээлт бор” бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэснээр малын махан тарга нэмэгдэх ба одоогийн татаж байгаа жингээс 10 гаруй кг-аар илүү болох боломжтой аж. 

Гумины MNS-44562014 стандартаар үйлдвэрлэсэн дээрх бүтээгдэхүүн нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори, ШУА-ийн физик технологийн хүрээлэнгийн лаборатори, аналатик лаборатори, Хими, хими технологийн хүрээлэнгийн аналатик лаборатори зэрэг холбогдох бүх лабораториор орж баталгаажжээ.

Тус байгууллагын үйлдвэрлэж байгаа гурав дахь бүтээгдэхүүн нь “Шимт бор” хөрсний бордоо юм. Энэ бүтээгдэхүүн нь хүчилтөрөгч, нүүрстөрөгч, устөрөгч, азот, фосфор, кали, кальци, хүхэр, зэс, цайр, төмөр, манган болон бусад эрдэс бодисыг агуулдаг.

Түүнийг хэрэглэснээр ургамлыг ган, хэт их чийг, өвчлөл, хүйтрэлт гэх мэт гадаад сөрөг нөлөөлөлд тэсвэртэй болгох ба түүнийг тогтмол хэрэглэснээр бүх төрлийн ургамлын ургацыг 70 хувь хүртэл өсгөх боломжтой аж. Ургацын чанарыг сайжруулж, уураг, сахар, витамин, амин хүчил, ургамлын амьсгалд эерэгээр үйлчилдэг байна. Ургацын боловсрох хугацааг наашлуулах ч давуу талтай байна.  

Тиймээс гумины хүчлийг ашигласнаар эдийн засгийн үр өгөөж их. Дээд зэрэглэлийн чанартай гумин хүчлийг тогтмол хэрэглэснээр ургамлын гарцыг далан хувь хүртэл өсгөх, бордооны хэрэглээг гучин хувь хүртэл бууруулах боломжтой ажээ.

“Шимт бор” нь нитратын бордоо, органик бохирдуулагч болон пестицидыг тогтоон шингээж авдаг тул гүний усанд түүгээр дамжин хүний биед нэвтрэх эрсдэлээс сэргийлдэг. Мөн хөрсөнд агуулагдах давсны хэмжээг бууруулж, хөрсний өгөршлийг багасгах зэргээр экологийг сэргээх, тэнцвэржүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Дэлхийн эрдэмтдийн судалгаагаар гуминыг элсэрхэг, атаржсан хөрсөнд болон дулаан хуурай уур амьсгалтай бүс нутагт хэрэглэвэл ихээхэн үр дүнтэй болох нь батлагджээ.

Тус компанийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд нь зах зээлд гарч эхлээд удаагүй хэдий ч зөвхөн Дундговь төдийгүй бусад аймгийн малчид ч авч хэрэглэж байна. 

Удахгүй хүн ардыг эрүүлжүүлэх гайхамшигтай бүтээгдэхүүн гаргана гэдгээ компанийн захирал танилцуулсан. Судалгааны бүх ажил дуусч, одоо зөвшөөрлөө авах ажил үлджээ. 

Хүний эрүүл мэндэд тустай энэ бүтээгдэхүүнд агуулагддаг гумин, фульвовын хүчил нь хүнд тохиолдох олон төрлийн өвчнийг, түүний дотор хорт хавдрыг анагаах шидтэй болохыг Америкийн эрдэмтэн, профессор Даниэл Нузум 17 жил судлан нотолжээ. Фульвовын хүчил 74 эрдэс бодис, 10 витамин, 18 амин хүчлээс бүрддэг  байна. 

Судалгаагаар хүн өдөр тутмын хүнсний хэрэглээнээсээ эрдэс, бодисын 70 хүртэл хувийг бүрдүүлж чаддаггүй бөгөөд ихэнх өвчин нь эрдэс бодисын дутагдлаас үүсдэг ба эрдэс нь хүний биеийг хорт хавдар, чихрийн шижин, зүрх, судасны өвчин зэргээс хамгаалж байдаг ажээ.

“Манай бүтээгдэхүүнийг нэг авсан хүн заавал эргэж авдаг юм, яваандаа бүх хүн мэддэг болно байх” хэмээн компанийн захирал Ж.Баярхүү хэлсэн бол аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ энэ бүтээгдэхүүнийг “брэнд” болгоно гэжээ. 

Дундговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөрт “21 үйлдвэр барих” тухай асуудал тусгагдсан. Тэдгээр үйлдвэрийн нэг нь энэ үйлдвэр юм. “Хан дээж ХХК тус үйлдвэрээ байгуулахад ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авч, олон жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө санхүүгээ зарцуулсан бизнесийн санаагаа ийнхүү хэрэгжүүлсэн байна.

Холбоотой мэдээ