Зая Гэгээний хүрээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-17 16:02:40

Архангай /МОНЦАМЭ/. Батмөнх даян хааны угсааны Түмэнхэн сайн ноёны хоёрдугаар хүү Бэгтэсжав /Данзан лам/ 1631 онд Тамир голын хойд талд Булган уулын өвөр Чонотын хөндийд Агва дуган, сүм байгуулснаар Халхын Зая Гэгээний хүрээний үндэс суурь тавигджээ.

1679-1930 оны хооронд Зая бандида хутагтын 6 дүрийн үйлс бүтээлээрээ өргөжин хөгжиж Халхын томоохон хүрээ хийдийн нэг болсон. Заяын дээд хүрээнд 6 аймгийн бүгд 26 сүм дуган гэж нэрлэн тоолох боловч жижиг барилга, лам нарын сууц байшин олон байв.

Заяын хүрээний Лаврин /Гэгээн багшийн ордон/ ба Гүдэн /биеийн шүтээн/ -г XVII зууны эцсээр буюу 1696 онд Зая бандида хутагт Лувсанпэрэнлэй байгуулжээ. Хоёр давхар Лаврин сүмийг Шүтээний гурван сүм гэдэг. Баруун тасалгаанд Зая бандида Лувсанпэрэнлэй, Лувсаняндаг, Лувсанжигмэддорж нарын гүдэн. Зүүн тасалгаанд Лувсанжигмэднамжилын гүдэн байв. Голын тасалгаанд шүтээний уншлага хурдаг байжээ. Гүдэн сүмийн дээд давхар майхан хэлбэрийн оройтой уг давхрын тасалгаанд номын сан байв.

IV Зая бандида хутагт Лувсанжигмэддорж /1766-1803/ 1802 онд Сэмчун /Бага ордон/-г байгуулжээ. Тус ордонг анх байгуулахдаа асар дээвэр бүхий гурван давхартай байгуулсан ба доод хоёр давхрыг туйпуугаар төвд хэлбэртэй барьсан байна. Дээд давхар нь модон хийцтэй асар дээвэртэй жижиг өрөөтэй байжээ. Зая бандида хутагт Лувсанпэрэнлэйн говь шавь нар 1907 онд ирсний дараа хоёр Сэмчунгийн гуравдугаар давхрыг буулгаж, тэдэнд дуган барьж өгсөн байдаг. Сэмчун нүүрэн талдаа 16 баганатай, багана бүрийн хооронд хоёр жашин хаалгатай. Баруун Сэмчунд дүйнхорын хурал хурж, зүүн Сэмчунг анхнаас нь агуулахын байшин болгож, тэрэг, жууз тэрэг, дамнуурга гэх мэтийн эд зүйлийг агуулдаг байжээ.

1937 оноос лам нарыг хувьсгалын эсэргүү хэмээн зохиомол хэрэг үүсгэн, Монгол орон дахь бүх сүм хийдийг тараан устгаж, хөрөнгө, байшин савыг ардын аж ахуйд шилжүүлсэн байдаг. Энэ үед Заяын хүрээний Лаврин Гүдэн, Сэмчун ордон зэргийг Архангай аймгийн гал команд, авто гарааш, хүнсний комбинатын агуулах зэргээр ашиглаж байв.

1967 оноос “Аймгийн орон нутгийн судлах танхим”, 1997 оноос Архангай аймгийн Музей болон өргөжиж Заяын хүрээнээс үлдсэн дээрх барилгад байрлан өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ