Хууль бусаар хувьцаа худалдаж буй хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2016-05-03 13:55:38

 Тавантолгой ордын 1072 хувьцааг хууль бусаар зарж борлуулж байгаа гэх цуурхал олон нийтийн дунд яригдаж, иргэд Урт цагааны өмнөх талбайд өдөр шөнөгүй бужигнасаар байгаа. Энэ асуудалтай холбогдуулан Цагдаагийн ерөнхий Газар, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны хороо хамтран дээрх худал мэдээллээр иргэдийг төөрөгдүүлж буй нь хууль бус гэдгийг өнөөдөр УБХЦГ-ын байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ. 

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга, Т.Жамбаажамц “Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн 1072 хувьцааг арилжиж байна, худалдан авч байна гэсэн мэдээлэл өнгөрсөн сарын 5, 6-наас эхлэн олон нийтийг хамарсан шинжтэй болоод, хүмүүс маш олноор цугларч эхэлсэн. Өнөөдрийн байдлаар энэхүү хувьцаа анх эзэмшүүлсэн хүнээс хүн рүү шилжихгүй байх нөхцөл нь хэвээр хадгалагдаж байгаа. Өнөөдрийн хууль эрх зүйн орчны хүрээнд 1072 хувьцааг арилжаалах боломжгүй.  Өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар худалдаж, шилжүүлж авсан ч өмчлөх эрх үүсэхгүй гэсэн үг. Яг хэдийнээс энэ хувьцаа арилжаалагдаж, эзэмшигч нь бусдад зарж, бэлэглэх, шилжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэсэн байж болзошгүй брокерын компаниудад Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс захиргааны арга хэмжээ аваад, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хязгаарласан” гэлээ. Харин Тавантолгойн ордын 1072 хувьцааг  зарсан болон худалдан авсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй. Тиймээс "1072 хувьцааг худалдан авч байна" гэсэн худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тараасан эзэн холбогдогчийг олж илрүүлэх шалгалтын ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар дөрвөн газарт хувьцаа худалдах, худалдан авч байгаа гэх мэдээллийг шалгаж байгаа.  Хүмүүс ихээр бөөгнөрсөн тус газруудад явж байсан иргэд хулгайд юмаа алдах тохиолдол хэд хэд гарчээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс хувьцаа худалдсан, худалдан авсан гэх энэ хэргийн гол эздийг тогтоохоор мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлээд байна. "Яг одоогоор хэн буруутай болох нь тогтоогдоогүй учир эрүү үүсгээгүй, хэргийг нарийвчлан нягтлах, холбогдох этгээдийг тогтоох зэрэг ажлыг хийж байна" гэсэн тайлбарыг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Д.Дугарсүрэн өглөө. Мөн тус хэлтэст "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны "Стандарт Инвестмент" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарыг байцаах явцад "Стандарт Инвестмент" болон "Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв" ТББ-ын гүйцэтгэх захирал нар үгсэн хуйвалдсан нь нотлогдсон. Тэд 2015 оны тавдугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулан үнэт цаасны "Новел Инвестмент" ХХК-ийн салбар төлөөлөгчийн газрыг байгуулсан байна. Харин Санхүүгийн зохицуулах хорооноос  хууль  журмын дагуу тусгай зөвшөөрөл авалгүй үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон гэж Санхүүгийн зохицуулах хорооны  ажилтан мэдэгдэв. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос “Эрдэнэс-Таван толгой”-н хувьцааг арилжаалах, зарах ямар ч боломж нээгдээгүй байгааг сэтгүүлчдэд тайлбарлалаа. Тухайлбал, СЗХ-оос эрх олгосон 60 гаруй байгууллагын тоонд "Новел Инвестмент" ХХК багтаагүй байна. Заавал СЗХ-д бүртгүүлж, албан ёсны шийдвэр гаргах ёстой. Гэтэл ямар ч шийдвэр гараагүй учраас хувьцааны хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх боломжгүй. Энэ нь цагдаагийн мөрдөн байцаалтаар бас батлагдсан аж. "Стандарт Инвестмент" ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутагт байрлах "Монгол Тайванийн төв"-д "Новел Инвестмент" ХХК иргэдийн хувьцааны данс нээх ажлыг эхлүүлжээ. Тийнхүү иргэд хувьцаагаа мөнгө болгох хүслээр зохиомол асуудал үүсгээд байгаа тул дээрх хууль бус ажиллагаанд оролцохгүй байхыг ч холбогдох байгууллагууд анхааруулж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ