“Алдар” спорт хороо Цэргийн төв эмнэлэгт оношлуур хандивлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-24 13:18:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны хамт олон нэг өдрийн цалин буюу 4 сая 400 мянган төгрөгийн үнэ бүхий түргэн оношлуурыг Цэргийн төв эмнэлэгт хандивлав.


“Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр, Цэргийн төв эмнэлгийн штабын дарга, хурандаа Д.Ганболд тэргүүтэй албаны хүмүүст гардуулжээ.


Энэ үеэр хурандаа Г.Өсөхбаяр: “Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан алба хаагч та бүхэнд юуны өмнө баярлаж байгаагаа илэрхийлье. Улс оронд хүнд үе тохиолдоход тэргүүн эгнээнд байж, иргэдээ аюулт өвчнөөс хамгаалах үйлсэд ханцуй шамлан зүтгэж байгаа нь та бүхний хамгийн эрхэм чанар, үүрэг хариуцлага юм. Та бүхний хичээл ажилд дэм болох, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлаж “Алдар” спорт хорооны хамт олон бид нэг өдрийн цалингаа хуримтлуулан хамгийн хэрэгтэй байгаа энэ түргэн оношлууруудыг хүлээлгэн өгч байна. Эх орноо хэмээн зорьж ирсэн иргэдээ цаг алдалгүй оношлоход, та бүхний ажлыг бага ч болов хөнгөвчлөхөд хэрэг болж чадвал бидний зорилго юм” гэлээ.


Цэргийн төв эмнэлгийнхэн, дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрч аюулын харанга дэлдэж байгаа шинэ төрлийн коронавирусээс иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх ажилд үнэтэй хувь нэмрээ оруулж, өөрсдийн хүч хөдөлмөр, нөөц бололцоог дайчлан ажиллаж байгаа юм.


Тэд 2020 оны хоёрдугаар сарын 27-ноос өнөөдрийг хүртэлх хугацаанд урьдчилан сэргийлэх, тусгаарлах байрандаа 320 иргэнийг хүлээн авч тусгаарласан бөгөөд өнөөдрийн байдлаар 104 иргэн тус эмнэлэгт хөл хорионд байгаа аж. Мөн энэ иргэдэд тус эмнэлгийн 113 эмч, сувилагч, ажилтан алба хаагчид 21 хоногийн турш тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Холбоотой мэдээ