“Brent” маркийн нефтийн үнэ 32 ам.доллар давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-05-06 09:14:06

МОСКВА. /RIA Novosti/. Лондоны ICE биржийн мягмар гаргийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн долдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 17.9 хувиар өсөж, нэг торх нь 32.06 ам.доллар болсныг арилжааны мэдээлэл харуулжээ.


Энэ төрлийн нефтийн үнэ хамгийн сүүлд 2020 оны дөрөвдүгээр сарын 14-нд нэг торх нь 32 ам.доллар давж байв. Үүний зэрэгцээ “WTI” маркийн нефтийн долдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 19.5 хувиар өсөж, нэг торх нь 27.22 ам.доллар болсон байна.


Коронавирусний цар тахал дэгдэж, дэлхий даяар эрэлт буурсны улмаас гуравдугаар сарын эхээр нефтийн үнэ огцом унасан юм. Түүнчлэн “ОПЕК+” бүлгийн орнууд олборлолтоо бууруулах гэрээг сунгах асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй байсан нь нефтийн үнэ буурахад нөлөөлсөн билээ. Үүний улмаас үнэ хоёр гаруй дахин унасан.


Харин “ОПЕК+” бүлгийн орнуудын шинэ уулзалтын өмнө нефтийн үнэ бага зэрэг өсөж эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 12-нд тус бүлэг нефтийн олборлолтыг бууруулах талаар тохиролцоонд хүрч, гэрээ энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.


Гэвч “ОПЕК+”-ийн гэрээ нь дэлхийн даяар эрэлт буурсныг нөхөж чадахгүй гэж Олон улсын эрчим хүчний агентлагийн шинжээчид үзэж байна. Шинжээчдийн тэмдэглэж буйгаар, цар тахлын улмаас эрэлт буурсныг харгалзан үзвэл уг гэрээнд заасан олборлолтыг бууруулах хэмжээ хангалтгүй байж магадгүй. Шинжээчид хоногт бууруулах олборлолтын хэмжээг 30 сая торх гэж тооцож байгаа аж.


Холбоотой мэдээ