Хурандаа генерал Ж.Ёндон агсны нэрэмжит хөшөөт цогцолборыг босгоно

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-05-14 17:07:33

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, ЗХЖШ-ын дарга, БХЯ-ны сайд агсан хурандаа генерал Ж.Ендонгийн 97 насны ойд зориулан төрөлх нутагт нь түүний нэрэмжит дурсгалын хөшөөт цогцолборыг байгуулахаар болсон. Тэгвэл өнөөдөр тус цогцолборын шав тавих ёслолыг холбогдох хүмүүс үйлдлээ.

Ёслолын үйл ажиллагаанд ажлын хэсгийн гишүүн ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар, Монгол генерал төвийн удирдах зөвлөлийн гишүүн бригадын генерал Ч.Сосорбарам тэргүүтэй холбогдох албаны удирдлагууд, Ж.Ёндон агсны үр хүүхэд, ач зээ нар, аймаг орон нутгийн удирдлагууд оролцсон юм.

Сүхбаатар аймгаас төрөн гарсан анхны БХЯ-ны сайд, хурандаа генерал Ж.Ёндон агсны нэрэмжит хөшөөт цогцолборыг босгох ажлын талаар холбогдох хүмүүс хоёр сарын өмнө аймаг орон нутгийн удирдлагуудтай ирж уулзан, улмаар бид нэгэн шийдвэрт  хүрсэн нь өнөөдөр биелэлээ олж, ажил албан ёсоор эхлээд байна. 2009 онд Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулан байгуулж байсан цогцолборт энэхүү хөшөөг нэмж босгоно. Цаашид цогцолборын тохижилтыг шат дараатайгаар хийж, Баруун-Уртчуудын амралт чөлөө цагаа өнгөрүүлдэг, цаашлаад хүүхэд багачууд, залуучууд эндээс тодорхой түүхийг мэдэж эх орноо хайрлах, эх орноороо бахархах сэтгэл төрдөг байх ийм сайхан газар болгох болно гэж аймгийн ЗДТГ-ын дарга П.Мөнхжаргал нээлтийн үгэндээ тодотгов.


Харин Ж.Ёндон агсны хүү Ё. Ганзориг хэлэхдээ, аймаг орон нутгийн зүгээс ахмад дайчдынхаа алдрыг мөнхжүүлэх, тэднийг алдаршуулах ажлыг тогтмол хийдгийн тод жишээ нь миний аавын дурсгалын хөшөөт цогцолборыг босгох гэж буй явдал юм. Миний аав Монголын ардын армийг хамгийн өргөн цар хүрээтэй байх үед нь сайдаар нь ажиллаж байсан. Тийм ч учраас аавын минь шавь нар, мөр зэрэгцэн зүтгэж явсан хамт олон, аймаг орон нутгийн төрийн байгууллагууд хамтран энэхүү цогцолборыг босгох гэж байгаад үнэхээр их баярлаж, бас бахдаж байна. Үр хүүхэд бидний зүгээс ч энэ ажлыг дэмжиж байнга хамтрах болно гэлээ.

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, бүтээн байгуулалтын төлөө халуун амь, бүлээн цус, хүч хөдөлмөрөө зориулсан ахмад үеийнхний баатарлаг дайчин хөдөлмөрч гавъяа зүтгэлийг алдаршуулан сурталчлах, хүүхэд залуучууд хойч үеийнхэндээ тайлбарлан таниулах ажлыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын төр засгаас ихээхэн анхаарч, зохих бодлогыг тодорхойлж холбогдох шийдвэрүүдийг гаргаад байгаа. Энэ хүрээнд хурандаа генерал Ж.Ендон агсны дурсгалын хөшөөт цогцолборыг босгох ажлыг БХЯ, ЗХЖШ, Сүхбаатар аймгийн нутгийн захиргааны байгууллагууд болон Жагсаалч Ж.Ендон сан, Төрийн хүндэт харуул, Монгол генерал төв, Монгол хурандаа нийгэмлэг, Монгол цэргийн нэгдсэн холбоо зэрэг ТББ-ууд хамтран хэрэгжүүлэх юм. 

Холбоотой мэдээ