“Манайх зөв гэр бүл” уралдаанд 27 гэр бүл оролцлоо

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-05-15 21:00:19
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өндөршил сумын Соёлын төв, сумын Ахмадын хороо хамтран Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг угтаж, “Манайх зөв гэр бүл” фото зургийн уралдаан зарлаж, дүнгээ гаргажээ.

Тус уралдаан нь “Хүүхдээ үгээрээ сургаж, үйлдлээрээ хүмүүжүүлсэн зөв гэр бүлийг бий болгоцгооё” уриан дор дэлхийн гэр бүлийн өдрөөр сумынхаа нийт иргэдэд гэр бүлийн үнэ цэн, аз жаргал, хайр, халуун дотно харилцааг бий болгох, эерэг хандлагыг түгээх, эцэг эх, асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, иргэд олон нийтэд зөв хандлагыг төлөвшүүлэх, гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх зорилготой ажээ.

Уралдаанд 27 гэр бүл оролцож, П.Гэрэлтсайханы гэр бүл түрүүлэн, Д.Найманжингийн гэр бүл, Б.Үнэнбаярын гэр бүл удаалж, ахмад настан Н.Бат-Өлзийгийн гэр бүл тусгай байрт шалгарчээ.  

Тус уралдаанд хүүхдүүд гэр бүлээ дэмжин бүтээлээ ирүүлсэн бөгөөд 9-р ангийн сурагч С.Навчаагийн ирүүлсэн бүтээл тэргүүн байрт шалгарч, 12 дугаар ангийн сурагч Э. Сарангоо, М.Буянхишиг нарын бүтээл удаах байруудыг эзэлсэн байна.

Энэхүү уралдаан нь гэр бүлийн үнэ цэнийг залуу хойч үедээ ойлгуулах, зөв гэр бүл нь аюулгүй тайван сайхан амьдралын үндэс болдог гэдгийг сурталчлах, цаашид гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн бат бэх байдалд чухал ач холбогдолтой гэдгийг тус сумын Соёлын төвийн эрхлэгч Т.Мөнхцэцэг онцолсон юм. 

Холбоотой мэдээ