Монголын улс төр өнгөрч буй долоо хоногт

ТОЙМ
ariunbold@montsame.gov.mn
2020-05-17 13:08:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын улс төрд өнгөрөн буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


В.В.Путин: Их ялалтад монголчуудын оруулсан хувь нэмрийг

Оросын ард түмэн ямагт санан дурсдаг


ОХУ-ын Аугаа Эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар мэндчилгээ, баярын бичиг солилцжээ.


Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээнд, "Монголын ард түмэн Аугаа Эх орны дайны анхны өдрөөс Зөвлөлтийн ард түмний талд тууштай зогсож, чин сэтгэлийн тусламж, дэмжлэг үзүүлж байснаа эргэн дурсахын сацуу энэхүү түүхт ойг манай ард түмэн Оросын ард түмэнтэй хамт ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн сайхан уламжлалтай” хэмээн дурджээ.



Мөн хоёр улс бүхий л салбарыг хамарсан иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлж байгаагийн хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилж, Халх голын хамтын ялалтын 80 жилийн ойг Монголын ард түмэнтэй хамт тэмдэглэсэнд туйлын баяртай байдгаа илэрхийлжээ.


Түүнчлэн дэлхий дахиныг хамраад буй COVID-19 цар тахлын улмаас Аугаа Эх орны дайны ялалтын түүхт 75 жилийн ойд зориулсан ёслол, цэргийн жагсаалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа ч Монголын ард түмэн Оросын ард түмний хамтаар ахмад дайчид, баатруудын алдар гавьяа, гэгээн дурсгалыг 5 дугаар сарын 9-ний өдөр хүндэтгэн дурсах болно” гэжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир В.Путин хариу мэндчилгээ илгээхдээ Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлж, хамтын их ялалт байгуулахад Монгол Улсын оруулсан хувь нэмрийг Оросын ард түмэн ямагт санан дурсдаг хэмээн тэмдэглэжээ.


Тухайлбал, “Танай улсаас фронтын хэрэгцээнд зориулан илгээсэн хүнсний тусламж, дулаан хувцас, адуун сүрэг, түүнчлэн “Хувьсгалт Монгол” танкийн цуваа, “Монгол ард” сөнөөгч онгоцны эскадрилыг бүтээн байгуулахад зориулан илгээсэн мөнгөн тусламжийг өндрөөр үнэлдэг билээ” хэмээн дурджээ.


Мөн тэрбээр дайны хүнд хэцүү он жилүүдийн нугачаанд батажсан хоёр ард түмний найрамдалт харилцаа нь ОХУ, Монгол Улсын хооронд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэн хөгжүүлж, хоёр талд ба олон улсад тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд харилцан ойлголцож, бүтээлчээр хамтран ажиллах найдвартай үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Эрчим хүчний салбарт хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ



Засгийн газрын энэ сарын 13-ны ээлжит хуралдаанаар, АХБ-тай хамтран хэрэгжүүлэх “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том хэмжээний хуримтлуурын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, Ерөнхий сайдын захирамжаар зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгов. Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор том хэмжээний хуримтлуурыг төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд барих төсөлд 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг АХБ-аас олгохоор шийдвэрлэсэн нь энэ билээ.


Монгол Улсын хэмжээнд оргил ачааллын үед цахилгаан эрчим хүчний хэрэгцээ жилд дунджаар 5 хувь буюу ойролцоогоор 50 мВт-аар нэмэгдэж, нөөцгүйгээр бүрэн хүчин чадлаа шавхаж ажилладаг. Мөн ОХУ-аар эрчим хүчний системийн тохируулгаа хийлгэсээр иржээ. Иймд дээрх төслийг хэрэгжүүлж, цэнэг хураагуурын системийг барьснаар Монгол Улс дотооддоо эрчим хүчний тохируулгаа хийж, бие даасан байдал, эрчим хүчний системийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах, эрчим хүчний алдагдлыг багасгах боломж бүрдэх юм.


Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам батлав


Засгийн газрын хуралдаанаар, Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журмыг шинэчилж, “Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журам” болгон өөрчилж батлав.


Ингэснээр сангийн хөрөнгийн зарцуулалтад тавигдах хяналтыг чангатгаж, үр дүнг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. 2017-2019 онд нийт 180 төслийг хүлээн авч, шаардлагад нийцсэн 66 төслийг хэрэгжүүлсэн байна. Сангийн хөрөнгийг үндэсний шигшээ багийн сургалт-дасгалжуулалтыг сайжруулах зорилгоор чөлөөт болон жудо бөх, байт харваа, таеквондогийн шигшээ багт гадаад дасгалжуулагчдыг тодорхой хугацаагаар ажиллуулахад зарцуулжээ.


Гадаадад байгаа монгол иргэний хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоно


Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар, Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 0-18 насны хүүхдэд энэ оны 10 дугаар сарын 1 хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэлээ. 


Улсын хэмжээнд хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгож байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын дүнгээр нэг сая 122 мянга 400 гаруй хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авч байна. Цар тахлын тархалтын үед Засгийн газраас Нийгмийн халамжийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд 10 дугаар сарын 1-нийг хүртэл хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгохоор болсонтой холбогдуулан Хүүхдийн мөнгөн тэтгэмжид шинээр хамрагдах хүсэлт гаргасан хүүхдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн, цаашид нэмэгдэх хандлагатай байна. Мөн гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсад хууль ёсоор байнга оршин суудаг гадаадын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлт Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олноор иржээ.


Иймд Коронавируст халдварын цар тахлын үед хүсэлт гаргасан гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний 0-18 хүртэлх насны хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг хүсэлт гаргасан сараас эхлэн 10 дугаар сарын 1-нийг хүртэл олгохоор шийдвэрлэлээ. Дөрөвдүгээр сарын байдлаар, гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэний, 18 хүртэлх насны 27 мянган хүүхдээс 12 мянга нь хүүхдийн мөнгөн тэтгэмжээ авч байна.


УИХ-ын гишүүн С.Жавхлан АН-д элслээ


УИХ-ын гишүүн С.Жавхлан энэ сарын 14-нд АН-д элсэж буйгаа зарлав. Тэрбээр, “Өнгөрсөн 4 жилд ганцаараа хичээж, дуу хоолойгоо нийтэд хүргэхээр зүтгэсэн ч миний санасанд хүрээгүй. Харин өнөөдөр олуулаа болж байгаадаа баяртай байна” хэмээв.


АН-ын дарга С.Эрдэнэ тус намын 2020 оны ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр, намын дүрэм, туг, гишүүний батлахыг УИХ-ын гишүүн С.Жавхланд гардуулсан юм.


УИХ-ын гишүүн С.Жавхлан 2020 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байсан. АН-д элссэнээр бие даан нэр дэвшихээ больж байгаа юм.


Ийнхүү энэ удаагийн парламентын бие даагч ганц гишүүн намд харьяалагдах боллоо. Улмаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ШИНЭН байгуулж, өрх тусгаарласнаас хойш хуулиар бүлэг байгуулах боломжгүй болоод байсан АН С.Жавхлан, О.Баасанхүү нараар эгнээгээ тэлснээр энэ удаагийн парламент завсарлахын өмнөх өдөр бүлэгтэй болсон юм.


Малчдад ноолуурын урамшуулал олгох тогтоолыг батлав


УИХ-ын чуулганы энэ сарын 15-ны нэгдсэн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг анхны хэлэлцүүлгээр батлав.



УИХ-аас “COVID-19”-ийн үед малчдын орлогыг нэмэх, ноолуурын салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор өнгөрсөн сард тогтоол баталсан. Энэ хүрээнд малчдад тушаасан ноолуурын кг тутамд нь 20 мянган төгрөгийн урамшуулал олгох, үүнд 200 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ. Тодруулбал, малчин өрхөд 2019 оны мал тооллогын малчны А дансны мэдээллийг үндэслэн ноолуурын хэмжээг “Монгол ямааны үүлдэр, омог, Ерөнхий шаардлага” (MNS 0550:2011) стандартын дагуу тооцож, урамшууллыг дансанд нь шилжүүлэх юм. Улсын хэмжээнд 2019 онд 70.9 сая толгой мал тоологдсоноос 29.3 сая нь ямаа байна.


Уг төслийг анхны хэлэлцүүлгээр батлах саналыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ирүүлснийг чуулганд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.


УИХ-ын 2016 оны сонгуулиар байгуулагдсан парламент отгон чуулганаа хийлээ


УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан парламент энэ сарын 15-нд отгон чуулганаа хийлээ. Энэ удаагийн УИХ ээлжит болон ээлжит бусаар 11 удаа чуулж, 1400 орчим хууль, тогтоол баталсан байна. Үүнээс нь 20 гаруй жил ярьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эцэслэн баталсан нь онцлох ажил байсныг УИХ-ын дарга Г.Зандашатар хэллээ.



Тэрбээр, “Үндсэн хуулийн өөрчлөлт сайн цаг, сайхан ирээдүйг эх оронд минь авчирна гэж итгэж, хичээлээ. Парламентыг шинэчлэн, зөвлөлдөх санал асуулга, нийтийн сонсгол, нээлттэй хэлэлцүүлгийг 60 гаруй удаа зохион байгуулсан байна. Ингэснээр хуулийг олон нийтийн төлөөлөлтэй хамт боловсруулдаг жишиг энэ удаагийн парламентын үед хэлбэржин тогтлоо. УИХ-ын алсын хараа, төлөвлөгөөг 17 жилийн дараа шинэчлэн боловсруулж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ард түмэнд үлдээж, “Оюу толгой”-д Монголын эрх ашгийг хангах тогтоолыг баталсан зэрэг чухал шийдвэрийг онцлон тэмдэглэж болно” хэмээв.


Энэ удаагийн парламентаас Монгол төрийн 7 эрдэнийг бэлгэдэн УИХ-ын 7 гишүүнийг онцлох гишүүнээр тодруулсныг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. Онцлох гишүүнээр Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Д.Сарангэрэл, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт, Я.Санжмятав, Т.Аюурсайхан нарыг тодруулжээ.


Сүүлийн буюу 2020 оны хаврын ээлжит чуулганаар “COVID-19” цар тахлаас сэргийлэх үүднээс цахимаар хуралдлаа. Дэлхийн бүх улсад тархаад буй уг цар тахлаас сэргийлэхээр Монгол улсын төр, Засгийн газар бүхий л арга хэмжээг авч байгаа бөгөөд УИХ иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах хууль, тогтоолыг баталсныг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдав.



Эдгээр хууль, тогтоолын хүрээнд 18 хүртэлх насны хүүхэд бүрт энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл сар бүр хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон олгож байна. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг шаардлагатай бага орлоготой насанд хүрсэн 122.3 мянган хүн бий. Дэмжлэг шаардлагатай хүн бүрт сард 16 мянган төгрөг өгдөг байсныг энэ оны тавдугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл 32 мянган төгрөг болгож байгаа. Энэ хугацаанд 118 мянган хүүхдэд олгодог 8 мянган төгрөгийг 16 мянга болголоо. Мөн хугацаанд нэг сард 188 мянган төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг 3600 ахмад, хөгжлийн бэрхшээлтэй 42.5 мянган иргэн, 116 одой иргэн, тэжээгчээ алдсан 16.5 мянган хүүхэд, өрх толгойлсон эцэг эхэд 100 мянган төгрөг олгож байна.


УИХ-ын дарга Г.Занданшатар, “Нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэх, ажил нь доголдсон аж ахуйн нэгжийн ажилтнуудад 200 мянган төгрөг олгох шийдвэр нь иргэдээ дээдэлсэн төрийн сайн жишиг. Цаашид үйлдвэрлэл үйлчилгээ, хөрөнгө оруулалтыг дэмжиж, айл өрхийг хямралд өртүүлэхгүй байх ажлыг шуурхай хэрэгжүүлэх нь чухал. Тухайлбал, ХӨСҮТ-ийн шинэ байрны түрээсийн асуудлыг шийдвэрлэх, эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан ипотекийн орон сууцны зээлийн асуудлыг мөн шийдвэрлээд байна” гэлээ.


Нам, эвслүүд УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүд энэ сарын 10-16-нд нэр дэвшигчдээ тодрууллаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын ээлжит сонгууль болохоос 45 хоногийн өмнө нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулсан байх ёстой юм.


СЕХ-ноос нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдийн материалыг өнөөдрөөс хүлээн авч эхэлж байгаа бөгөөд, энэ сарын 21-нд дуусах юм. Түүнчлэн нэр дэвшигчид энэ сарын 17-19-нд  https://meduuleg.iaac.mn/ системд ХОМ-ээ бүртгүүлэх ёстой. Үүний дараа СЕХ-ноос нэр дэвшигчдийн материал хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, нийцсэн бол ирэх сарын 2-нд үнэмлэх олгоно. Ингэснээр нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх юм.

Холбоотой мэдээ