Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-05-18 15:19:22

ВЕЛЛИНГТОН. /New Zealand Herald/. Шинэ Зеландын хүн ам энэ оны гуравдугаар сард таван саяд хүрсэн байна гэж тус улсын Статистикийн хороо өнөөдөр мэдээллээ.


“Шинэ Зеландчуудын хувьд энэ бол чухал үйл явдал. Манай улсын хүн ам 2003 онд дөрвөн сая болсноос хойш 17 жилийн дотор таван саяд хүрлээ. Хүн ам хамгийн хурдан хугацаанд саяар нэмэгдсэн нь энэ юм” гэж хүн ам зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Брук Тайерс мэдэгджээ.


Шинэ Зеландын хүн ам 2020 оны гуравдугаар сарын 31-ны байдлаар 5002100-д хүрчээ. “Хүн амын өсөлт 2013 оноос хойш жилд 1.8 хувиар нэмэгдсэн бөгөөд үүнд цэвэр шилжилт ихээхэн нөлөөлсөн” гэж Статистикийн хорооны мэдэгдэлд тэмдэглэсэн байна.


2003-2020 онд нэмэгдсэн хүн амын тэн хагас орчмыг төрөлт, нас баралтын зөрүүгээр тодорхойлогддог ердийн цэвэр өсөлт эзэлсэн бол үлдсэн тэн хагас орчмыг цэвэр шилжилт бүрдүүлжээ. Мөн хүн амын тоо таван саяд хүрэхэд олон улсын шилжилт хөдөлгөөн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Б.Тайерс мэдээлжээ. 

Холбоотой мэдээ