Сумын эмэгтэйчүүд амны хаалт оёж хандивлах аянаа дахин эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-05-18 22:52:55

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймагт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор эмэгтэйчүүд сайн дураараа амны хаалт оёж хандивласаар байна.

Тухайлбал Цагаанчулуут сумын Эмэгтэйчүүдийн холбооноос “Амны хаалт оёх аян”-ыг өрнүүлж, 20 эмэгтэй 260 гаруй амны хаалт оёж аймгийн Онцгой комисст хандивлажээ. Сум бүрийн эмэгтэйчүүд дээрх аяныг өрнүүлж байгаа бөгөөд халдварын эрсдэл өндөр болж байгаа энэ үед аяныг дахин эхлүүлсэн аж. Ийнхүү оёсон амны хаалтыг аймгийн эмэгтэйчүүдийн холбоогоор дамжуулан хандивлажээ. Харин тус сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд 180, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч гурван эмэгтэй нийт 90 орчим амны хаалтыг оёж сумынхаа Онцгой комисст гардуулжээ. COVID-19 халдварын зөөвөрлөгдөн орж ирж буй тохиолдол манай улсад өдөр бүр нэмэгдэж байгаа нь өндөр эрсдэлтэй юм. Тиймээс иргэдийнхээ төлөө 24 цагаар ажиллаж буй эмч, эмнэлэг, мэргэжлийн байгууллагуудын албан хаагчийн амны хаалтны хэрэгцээ хангалттай байх ёстой. Нөөцлөх ч шаардлагатай. Бид амны хаалтыг оёх сайн дурын эмэгтэйчүүдээ дэмжиж байна. Тиймээс сум, аймгийн Онцгой комисст амны хаалт хандивласаар байх болно. Иргэд маань ч гэсэн амны хаалт байнга хэрэглэх, гарын ариун цэврийг дээд зэргээр сахихыг зөвлөж буй мэргэжлийн байгууллагуудын зөвлөгөөг чанд дагаж мөрдөх хэрэгтэй хэмээн Цагаанчулуут сумын эмэгтэйчүүдийн холбооноос дуулгалаа.

Ташрамд дуулгахад коронавирусний халдвараас  урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй мэргэжлийн байгууллагууд, аймгийн Онцгой комисст Завхан аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо 12.300 ширхэг амны хаалтыг хандивласан байна.


Иргэдийн бүлэг аймгийн Нэгдсэн эмнэлэгт амны хаалт хандивлав

Завханд Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой өсөлтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийн бойжигчид аймгийн Нэгдсэн эмнэлэгт амны хаалт хандивлажээ.

Тус төслийн хүрээнд өнгөрсөн онд нийт 24 үйлдвэрлэгч бүлэг байгуулагдаж амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэгвэл эдгээр бүлгүүдийн нэг, “Алтан утас” бүлэг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудад амны хаалт оёж хандивлах аян өрнүүлжээ. Тэд өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан 400 орчим амны хаалт оёж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ. Амны хаалтыг стандартын дагуу оёж шүүлтүүр хийж, солих боломжтойгоор шийдэж өгчээ. COVID-19 халдварын эрсдэл их болж буй энэ үед амны хаалтны хэрэгцээ зайлшгүй нэмэгдэж байгаа. Тиймээс эмч, эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдын амны хаалтыг нөөцлөх нь чухал юм. Бидний оёсон амны хаалт тэдэнд бага ч болов нэмэр болно гэж найдаж байна. Өнөөдрийн байдлаар таван бүлэг энэхүү аяныг өрнүүлсэн байгаа хэмээн "Алтан утас" бүлгээс мэдээлэл өглөө.

Ташрамд дээрх төслийн үр шимийг 15 сумын 5600 гаруй иргэн хүртээд байгаа бөгөөд төслийн хугацаанд 60 үйлдвэрлэгч бүлэг байгуулах ажээ. Энэ төслөөс Завхан аймагт хүртээмжтэй, тэгш, тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжихэд иргэний нийгмийн байгууллага болон төрийн хамтын ажиллагаа нэмэгдэнэ. Мөн ИНБ-ууд болон орон нутгийн засаг захиргааны стратеги түншлэлийн үр дүнд өрхийн орлого төрөлжиж орон нутгийн эдийн засаг сайжирна хэмээн тус төслөөс нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ