Европын холбооны Элчин сайд Завхан аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-05-19 23:52:14

Завхан /МОНЦАМЭ/. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужа тэргүүтэй төлөөлөгчид Завхан аймагт ажиллаж байна. 

Төлөөлөгчид Завхан аймагт хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцах, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцжээ. Энэ удаагийн айлчлалыг Монгол Улс, Европын холбооны түншлэл болон Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын  хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулжээ.

Айлчлалын үеэр ажлын хэсгийнхэн Европын холбооны улсуудын их, дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах талаар мэдээлэл өгч, газар тариалан, хүнс хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

Түүнчлэн Завхан аймгийн “Сайн бизнесмен” хөтөлбөртэй танилцаж, “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслийн хэрэгжилт, үр дүн, үйлдвэрлэгч бүлгүүдийн үйл ажиллагааг газар дээр нь үзэж сонирхжээ.

Европын холбоо, “Дэлхийн Зөн” ОУБ-ын Франц улс дахь салбарын 2.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтөд иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төсөл хэрэгжиж байгаа билээ. Монгол Улсад, тэр дундаа орон нутагт анх удаа дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд 12 сумын 60 гаруй бүлгийн бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмжийн болон зөвлөх үйлчилгээний дэмжлэг үзүүлж байна. Мөн аймгийн иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулж байгаа аж.

Ташрамд, Завхан аймаг “Оюунлаг Завханчууд” хөгжлийн хөтөлбөр, “Хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг” болох зорилт дэвшүүлжээ. Тус зорилтын хүрээнд гадаад хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг орон нутгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх тэргүүн чиглэл болгон ажиллаж буйгаараа онцлогтой юм хэмээн аймгийн ЗДТГ-аас тус тус мэдээлэв.



Холбоотой мэдээ