Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлахад хувь нэмрээ оруулсан хүмүүсийг шагнав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-05-28 14:26:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн батлах, уг өөрчлөлтөд бусад хууль тогтоомжийг нийцүүлэх үйлсэд ур чадвар, мэдлэг туршлагаа дайчлан ажилласан хүмүүст УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр шагнал гардууллаа.


Хорь гаруй жил яригдаж, сүүлийн гурван парламент дамжин идэвхтэй өрнөсөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл хэргийг Монголын ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дахь удаагийн Улсын Их Хурал амжилттай хэрэгжүүлж, баталсан нь төрийн түүхэнд тэмдэглэгдэх үйл хэрэг гэдгийг УИХ-ын дарга шагнал гардуулахын өмнө онцлов. Тэрбээр “Энэ дөрвөн жилд шударга ёсыг тогтоох, төрөө тэгшлэх, эрх зүйн хувьсгал хийх, парламентаа шинэчлэх том үйл хэргийг эхлүүлсэн. Үндсэн хуулиа дагасан олон хуулийг өөрчлөн шинэчлэх ёстой. Эхний хуулиудын шинэчлэлийг хийсэн” хэмээв.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл, “Монгол Улсын Их Хурлын тухай”, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай” хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, батлахад оюун ухаан, мэдлэг туршлагаа дайчлан ажилласан гавьяат багш Дондовын Ламжав, Равдангийн Хатанбаатар, гавьяат хуульч Намсрайжавын Лувсанжав, Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан Цэдэвийн Товуусүрэн нарыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дээд шагнал “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнав.


Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг батлуулах хариуцлагатай ажлыг манлайлан удирдан зохион байгуулсан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Лувсандоржийн Өлзийсайхан, УИХ-ын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд шуурхай хүргэж, мэдээллийн ил тод байдлыг хангахад идэвх зүтгэлтэй ажилласан Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Содномдаржаагийн Батбаатар нарыг “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагналаа.


Түүнчлэн дээрх түүхэн үйл хэрэгт мэргэжил арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх үүргээ мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, эрдэм ухаан, ур чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажилласан Улсын Их Хурлын Тамгын газрын нэр бүхий 31 ажилтанд Монгол Улсын Их Хурлын даргын “Өргөмжлөл” гардуулав.

Холбоотой мэдээ