Бүгд найрамдахчууд намын их хурлаа хийх муж улс хайж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-06-03 12:11:07

ВАШИНГТОН. /TASS/. Бүгд найрамдах нам Умард Каролинагийн оронд сонгуулийн өмнөх намын их хурлаа хийх шинэ муж улс хайж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


“Бид намын их хурлаа Шарлотт хотод хийхээр төлөвлөж байсан боловч Умард Каролина муж улсын захирагч Рой Купер болон түүний төлөөлөгчид бидэнд баталгаа өгөхөөс татгалзсан” гэж Трамп твиттер хуудсандаа бичсэн байна.


Рой Купер Бүгд найрамдах намынханд илгээсэн захидалдаа коронавирусний цар тахлын улмаас тус намын их хурлыг зохион байгуулахад баталгаа өгөхөөс татгалзжээ. Ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах Бүгд найрамдах намын их хурал наймдугаар сарын 24-27-нд Шарлотт хотод болох ёстой байв.


Куперийн буулт хийдэггүй байдлаас болж намын их хурлыг Техас, Флорида эсвэл Жоржиа муж улс руу шилжүүлэхээс аргагүйд хүрснийг Трампын адил Бүгд найрамдах намыг төлөөлдөг АНУ-ын дэд ерөнхийлөгч Майкл Пенс өнгөрсөн долоо хоногт хүлээн зөвшөөрчээ. Шарлотт хотоос шилжүүлсэн тохиолдолд намын их хурлыг зохион байгуулах боломжтой хотуудаар Флорида муж улсын Орландо, Жэксонвилл хотуудыг нэрлэсэн байна. Мягмар гарагт “Politico” сонинд Бүгд найрамдах намын нэрээ нууцалсан гишүүний мэдээллээс иш татан бичсэнээр, одоо энэ жагсаалтад Лас Вегас /Невада муж улс/, Нашвилл /Теннесси/ хотууд нэмэгджээ.


Холбоотой мэдээ