Foreign Policy: Цар тахлын дараах хүйтэн дайны явцад америкчууд Европыг алдана

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2020-06-03 16:23:28

АНУ, Хятад хоёрын сөргөлдөөн улам даамжирч буй энэ үед Европ тивийнхэн хэнийх нь талд орох вэ гэдгээ шийдэж ядан байгаа, гэхдээ Америкийн талд орох нь юу л бол хэмээн дорх нийтлэлийг бичсэн судлаач Ноа Баркин эргэлзэж байна. Германы Маршаллын санд зочин судлаачаар ажиллаж буй тэрбээр эргэлзэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа Герман, Их Британи, Франц, Италид явуулсан санал асуулгуудын дүнг иш татжээ. Байдлыг ажвал, Америкийг дэмжигчид Европт цөөрч, Хятадыг дэмжигчдийн тоо эрс өсч буй нь илт харагдана.


Коронавирусний цар тахал нь Хятадын дэглэмийн жинхэнэ төрх байдлыг дэлхийн дахинд харууллаа. Энэ талаар сүүлийн хэдэн долоо хоногийн туршид тоймгүй олон нийтлэл бичигдсэн бөгөөд нийтлэлчид алдаагүй дүгнэлт хийсэн буй заа. Гэхдээ хамгийн гол нь, коронавирусний эсрэг Америкийн хариу үйлдэл нь Хятадын авсан хариу арга хэмжээнээс илүүтэйгээр Европын улстөрчид, олон нийтийн санааг зовоож байна. 


Керберийн сангаас /Körber Foundation/ явуулсан судалгааны дүн нь дээрх дүгнэлтийг баталж байгаа юм. Өнөөгийн хямралын явцад АНУ-аар толгойлуулсан Хятадын эсрэг нэгдсэн фронт бий болно гэж бодож суугаа Вашингтон дахь хүмүүст уг судалгааны дүн нэгийг бодогдуулах вий.


Санал асуулгын дүнг харвал, улс орных нь хувьд Вашингтон, Бээжин хоёрын аль нь илүү чухал түнш вэ гэсэн асуултад германчуудын 37 хувь нь АНУ, 36 хувь нь Хятад гэж хариулсан нь санал үндсэндээ 50:50 хувиар хуваагдсан гэсэн үг юм. Энэ нь 2019 оны 9 дүгээр сард дээрх сангийн явуулсан судалгааны дүнгээс эрс ялгаатай харагдана. Тухайн үед АНУ-ыг гол түншээ гэж үздэг германчуудын тоо Хятадыг дэмжигчдийн тооноос 26 хувиар илүү олон байжээ.  


Гэхдээ энэ нь германчууд Хятадын тухайд бүх зүйл дээр санал нэг байна гэсэн үг биш ээ. Судалгаанд хамрагдсан германчуудын 71 хувь нь хэлэхдээ, хэрвээ Хятадын эрх баригчид илүү ил тод байсан бол цар тахлын дэгдэлтийг хязгаарлах төдийгүй түүнийг зогсоож чадах байсан гэжээ. Харин Хятадын талаарх санаа бодол нь сөрөг тал руу хэлбийсэн гэдгийг судалгаанд оролцогчдын зөвхөн 6 хувь нь хэлсэн бол АНУ-ын талаарх сөрөг бодол нь цар тахлын хямралын үеэр улам лавширсан гэдгийг 73 хувь нь хэлж байна.


Эдгээр баримт юуг өгүүлнэ вэ? Юуны түрүүнд энэ нь тодорхой хэмжээнд болгоомжлол төрүүлж байна. Хятадын Коммунист намаас ил тод байдлыг хүсэн хүлээж буй хүмүүс цөөхөн л болов уу. Ихэнх хүмүүс АНУ-ыг өндөрт тавьж үнэлдэг учраас Вашингтоны аливаа бүтэлгүй үйлдэлд тэдний урам хугарах нь тун амархан.


Д.Трамп Цагаан ордонд ирснээс хойших хугацаанд европчуудын дотроос германчууд АНУ-ын талаар хамгийн их сөрөг бодолтой хэвээр байна. Ийм сөрөг хандлага бага Ж.Бушийн үед хүчтэй байсан бол харин Барак Обама ерөнхийлөгч болсны дараа эерэг тал руугаа эрс хэлбийжээ. Германы олон нийтийн санаа бодол маш хувирамтгай бөгөөд тэдний АНУ-д хандах хандлага нь Цагаан ордны Зууван танхимд хэн сууж байна вэ гэдгээс ихэд шалтгаалдаг.


АНУ-ын талаарх германчуудын санаа бодол коронавирусийн хямралаас өмнө  ч гэсэн “чөлөөт уналтын хурд”-аар сөрөг рүү доошилж байсан гэдгийг Керберийн сангийн Гүйцэтгэх захирал Нора Мюллер тэмдэглэн хэллээ. Цар тахлын үед Трампын засаг захиргааны явуулж буй үйл ажиллагааны талаарх эргэлзээ ба АНУ цаашид дэлхийд манлайлж чадахгүй нь гэсэн таамаг бодол нь холдон хөндийрөх хандлагыг улам лавшруулж байна.    


Нөгөөтэйгүүр, Вашингтон, Бээжин хоёртой харилцахдаа Германы улстөрчид илүү өргөн хүрээгээр асуудалд хандаж, харилцааны тэнцвэрийг хангах ёстой. АНУ бол ардчилсан орон бөгөөд үнэт зүйлс нь европчуудынхтай ижил. Харин Хятад бол ардчилсан улс биш. АНУ 75 жилийн туршид Герман ба Европын бусад улсын аюулгүй байдлын баталгаа болсоор ирсэн бол Хятад улс өнгөрсөн ихэнх хугацаанд зөвхөн өөрийнхөө төлөө л ажиллаж байсан.


Гэвч өнөөдөр дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Бид бүхэн Азийн өсөн дэвжилтийн зууны гэрчүүд байж магадгүй. Германы болон Европын бусад улсын улстөрчдийн хувьд геополитикийн чиг шугам өөрчлөгдөж буйг анзаарч байгаа бөгөөд энэ нь тэдний хийж буй тооцоонд нөлөөлж байна.


Хятадын Коммунист нам эхний хэдэн долоо хоногийн хугацаанд вирусийн талаарх мэдээллийг нуун дарагдуулж байсан, мөн уг вирус дэлхий даяар тархсаны дараа хүмүүсийн үг яриа хандлагыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд ухуулга сурталчилгаа хийж, хуурамч мэдээлэл тараах кампанит ажил явуулж байсныг дээрх улстөрчид харж л байсан.


Хятадын Коммунист нам коронавирусийн тархалтыг улс орныхоо дотоодод амжилттай хязгаарлан барьж чадсан, гэхдээ ардчилсан орнуудад хүлээн зөвшөөрч боломгүй арга тактикийг хэрэглэснийг дээрх улстөрчид мөн харж л байсан.  


Харин одоо тэд АНУ-ын зүгт харж буй энэ үед тэнд эмх замбараагүй байдал ноёлж байна. Цар тахлын улмаас 91 мянга гаруй америкчууд нас бараад байхад улстөрчид нь хоорондын зөрчлөө хойш тавихгүй байна, хамтран ажиллаж чадахгүй байна. Яг хэрэгтэй цаг үе ирчихээд байхад шинжлэх ухааны салбарынхантай хамтран ажиллахаас Трампын засаг захиргаа цааргалсаар буйг Европын улстөрчид харж байгаа. Хумигдсаар буй дахин сонгогдох боломжоо бүрмөсөн алдахгүйн тулд Америк-Хятадын харилцаанд “үнсэн товрог болгох” тактикийг ч хэрэглэхээс сийхгүй байгаа ерөнхийлөгчийг тэд харж байгаа.   


АНУ-д хэвийн үйл ажиллагаа алдагдаж буйн шалтгаан нь Трамп биш, харин тэрбээр уг үйл явцын шинж тэмдэг, түүний катализатор нь мөн гэж Европт үзэж байгааг онцлох нь зүйтэй. Ирэх оны 1 дүгээр сард Жо Байден Цагаан ордонд суухаар болсон ч гэсэн нам хоорондын хагарал хаашаа ч алга болохгүй. Хямралын улмаас учирсан хохирлын тухайд ч ингэж хэлж болно. Өмнөхөөсөө улам л чадвар муутай засгийн газрууд ажиллаж, хэдэн арван жил өнгөрсний дараа америкчууд хямралаас гарахад огт бэлэн биш байна. Трамп явсны дараа АНУ-тай хамтран ажиллахад арай хялбар дөхөм болж магадгүй. Гэхдээ хэдий хугацаанд ийм байх бол? Коронавирусний эсрэг АНУ-ын авч буй хариу арга хэмжээ нь Герман болон Европын бусад улсын хувьд ийм эргэлзээг нь улам лавшруулж байна. 


5 дугаар сард British Foreign Policy Group гэдэг байгууллагаас явуулсан санал асуулгын дүнг үзвэл, дэлхийн тавцанд АНУ хариуцлагатай байна гэж британичуудын дөнгөж 28 хувь нь үзэж байгаа нь 1 дүгээр сарын санал асуулгатай харьцуулахад 13 хувиар цөөн байгаа юм. Ялангуяа өмнө нь АНУ-д маш их итгэл үзүүлдэг байсан консерватив сонгогчдын санаа бодол хамгийн ихээр алдарчээ.


Мөн 5 дугаар сард Ifop компани “Ойрын арван жилүүдэд үүсэх гол асуудлуудыг ямар улс илүү сайн шийдэж чадах вэ?” гэсэн асуултыг францчуудад тавьсан байна. Санал асуулгад оролцогчдын ердөө 3-хан хувь нь АНУ чадна” гэж хариулжээ. 4 дүгээр сард SWG судалгааны хүрээлэнгийн санал асуулгад оролцсон италичуудын 36 хувь нь “Хятадтай харилцахад анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй” гэсэн бол 30 хувь нь АНУ-тай харилцах нь илүү чухал гэж үзсэн байна.  


Гэхдээ эдгээр баримт нь Европын улсууд АНУ, Хятад хоёроос ижил хэмжээнд зай барих бодлого руу хэлбийж байна гэсэн үг биш ээ. БНХАУ-ын дарга Ши Жинпиний удирдлагын дор Хятад улсын замнаж буй чиглэл /төрийн хяналт, ажиглан мөрдөх, хилийн чанад дах айлган сүрдүүлэлт/ нь олон жилийн туршид европынхны санааг улам бүр хүчтэй зовоосоор байгаа. Гэхдээ энэ нь Бээжингийн эсрэг Вашингтоны талд зогсох хэрэгтэй болсон тэр үед Европ тивийнхэн эргэлзэн болгоомжилсон хэвээр байна гэсэн үг биш ээ. 


Хэрвээ найз чинь найдваргүй бол чи түүнтэй нийлээд сургуулийнхаа атамантай үзэлцэх үү? Тэр тусмаа найз чинь чамайг дээрэлхээд байвал яах вэ? 5G сүлжээний асуудлаар АНУ-ын эрх баригчид Европыг дарамталж байсантай яг адилаар дээрэлхээд байвал яах вэ?   


Байдлыг ажваас, Вашингтон, Бээжин хоёрын аль нэгэнтэй нь худалдааны хэлэлцээр байгуул гэж Их Британиас шаардаж буй америкчууд ийм л хандлага гаргаж байгаа юм. Ийм найзтай хүн түүнтэйгээ нийлээд сургуулийн атамантай зодолдохыг хүсэхгүй л болов уу.


Үүний оронд Европ тивийнхэн араа бодож өөрсдийгөө эрсдэлээс хамгаалахыг оролдож байгаа юм. Европчууд Хөрөнгө оруулалтын иж бүрэн хэлэлцээр байгуулах, уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх асуудлаар Бээжинтэй хэлэлцээ хийж байна. Эдгээр хэлэлцээрийг байгуулахад нэлээд цаг хугацаа хэрэгтэй. Хэрвээ хэлэлцээр байгуулвал, тэр тусмаа Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өрнөж буй үед байгуулах аваас энэ нь АНУ өөрийн гол өрсөлдөгч Хятад улсад Европыг алдана гэсэн дохио сануулга байх болно.


Б.Адъяа


Эх сурвалжууд: https://foreignpolicy.com/2020/05/19/coronavirus-pandemic-europe-opinion-polls-united-states-china-losing/

https://inosmi.ru/politic/20200521/247470265.html

Холбоотой мэдээ