Бэлчээрийн үлийн цагаан оготны нэг га талбай дахь тоо эрс буурав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-06-04 10:32:57

Архангай /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайдын 2020 оны А/89 тоот тушаал, аймгийн Засаг даргын 2020 оны А/206 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор Ургамал хамгааллын эрдэм шинжилгэээний хүрээлэнгийн бэлчээрийн үлийн цагаан оготнын тархалтын тодотгох судалгааг үндэслэн батлагдсан удирдамж, зааврын дагуу улсын төсвийн хөрөнгөөр аймгийн хэмжээнд 95000 га бэлчээрт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг энэ оны 4-5 дугаар сард зохион байгуулж дууслаа.

Аймгийн Хангай, Цахир, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур сумын 25000 га бэлчээрт микробиологийн аргаар, Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэмандал, Төвшрүүлэх, Хотонт, Чулуут, Хашаат сумын 70000 га талбай бэлчээрт байгаль орчинд халгүй энгийн механик, биологийн аргаар үлийн цагаан оготнотой тэмцсэн.


Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг 12 сумын 37 багийн 1100 малчин, иргэд, төрийн албан хаагчдын оролцоотойгоор 133 автомашин, 177 мотоцикл техник хэрэгсэл ашиглан, 50 тн микробиологийн бэлдмэлийг бэлчээрт цацаж, 3942 ширхэг сар шувууны суулт, 40 ширхэг үүр засч, 6795 ширхэг цилиндр, конус, амьд баригч тавьж, 15100 га-д ус цутгах, 21700 га-д утах аргаар үр дүнтэй зохион байгуулсан байна.

Дээрх ажлыг зохион байгуулахад хяналт тавьж, 229 хяналтын цэг тогтоон нэг га талбайд дунджаар 608 мэрэгч байсныг 171 болгон цөөрүүлэн үлийн цагаан оготнотой тэмцсэн ажлын техникийн үр дүн 80 хувьтай байна.

Үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг зохион байгуулахад орон нутгаас 13.9 сая төгрөгийг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн нийтийг хамарсан ажлын хүрээнд 172 ажилгүй иргэдийг татан оролцуулж, 15.7 сая төгрөг зарцуулан нэмж 10000 га бэлчээрт тэмцэх ажлыг зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ