Ухуулах хуудас тараахаа зогсоохыг шаарджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПЁНЬЯН. /КCNA/. Хэрэв хил орчмын нутаг дэвсгэрт суртал ухуулгын хуудсууд тараахаа зогсоохгүй бол БНСУ-тай харилцаагаа тасална гэж БНАСАУ-ын эрх баригчид мэдэгдэв.
Ийм мэдэгдлийг Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн даргын нэгдүгээр орлогч Ким Ё Жон хийсэн байна. Түүний тэмдэглэснээр, “Умардаас дүрвэгсэд” гэж нэрлэдэг ухуулагчид тавдугаар сарын 31-нд Өмнөд Солонгостой залгаа хил орчмын бүсэд хэдэн зуун мянган ухуулах хуудас тараажээ.
“БНСУ-ын эрх баригчид Панмүнжомын тунхаг болон цэргийн салбарт байгуулсан гэрээг анхааралдаа авах ёстой бөгөөд эдгээрт хоёр тал дайсагнасан бүхий л үйл ажиллагаагаа, тэр дундаа цэрэггүй бүсийн тусгаарлах шугамын хэсэгт ухуулах хуудас тараахыг хориглохоор тохиролцсон билээ. Хэрэв БНСУ-ын эрх баригчид хил дамнуулан ухуулах хуудас тарааж буйг зогсоох арга хэмжээ авахгүй бол хариу арга хэмжээг хатуу авна” гэж Ким Ё Жон мэдэгдсэн байна.
2018 оны дөрөвдүгээр сард БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун нар Панмүнжомын тунхаг бичгийг баталж, Өмнөд Солонгост консервативчууд засгийн эрхийг барьж байх үед тасарсан хоёр орны харилцаа сэргэж байгааг мэдэгдсэн билээ.