ДЭМБ амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлэхийг зөвлөж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-06-06 11:49:07

ЛОНДОН. /BBC/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ баасан гарагт амны хаалттай холбоотой зөвлөмжөө өөрчилж, "COVID-19"-ийн халдвар авах эрсдэлтэй газруудад амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлэхийг Засгийн газруудад зөвлөжээ.


Үүний зэрэгцээ Энэтхэг, Иранд халдварын статистик дахин өссөн бөгөөд  коронавирусний цар тахлын хоёр дахь давлагаа эхэлсэн байж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Европын Холбооны орнууд долдугаар сарын 1 гэхэд дотоод хилээ нээх талаар хэлэлцэж байна. Европын орнуудаас Их Британи болон Швед улс зорчиход хамгийн аюултайд тооцогдох боллоо.


Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр, цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 6.6 сая гаруй хүн халдвар авч, 400 мянга орчим хүн нас баржээ.


Европ тивд Их Британи, Итали, Франц, Испани улсууд цар тахалд хамгийн их өртсөн бол ОХУ өвчлөлийн тоогоор гуравдугаарт орж байна. Гэхдээ тус улсад нас баралтын тохиолдол бусад орнуудтай харьцуулахад харьцангуй бага байна. Хойд Америкт АНУ өвчлөлийн тоогоор нэгдүгээрт бичигдэж байгаа бол Төв болон Өмнөд Америкт Бразил, Мексик, Африк тивд ӨАБНУ, Египет, Нигери, Азид Энэтхэг, Иран улсууд орж байна.


ДЭМБ амны хаалт зүүхийг зөвлөж байна

Цар тахлын эхэн үед ДЭМБ зөвхөн коронавирустэй өвчтөнүүд, шинж тэмдэг илэрсэн хүмүүс эсвэл тэдэнтэй шууд харьцаж буй хүмүүст л амны хаалт зүүхийг зөвлөж байсан билээ. Тус байгууллагын мэргэжилтнүүд амны хаалтаас илүүтэй гараа тогтмол угаах нь халдвараас үр дүнтэй сэргийлнэ гэж үзэж байв.


Гэсэн хэдий ч сүүлийн үеийн судалгаанууд амны хаалтыг зөв хэрэглэвэл халдвараас үр дүнтэй хамгаалж чадна гэдгийг харуулжээ. Маш олон судалгаанаас үзвэл коронавирус нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхээс өмнө хүмүүст халдаж болзошгүй байна.


Үүний зэрэгцээ зөвхөн амны хаалт зүүх нь халдвараас сэргийлэхгүй тул цогц арга хэмжээг сахин мөрдөхийг ДЭМБ анхааруулж байна. "Амны хаалт дангаараа таныг “Covid-19”-өөс хамгаалахгүй" гэж ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адан Гебрейсус цохон хэлэв.


ОХУ-ын нийслэл Москва, Санкт-Петербург хотод нийтийн тээврийн хэрэгсэлд амны хаалт, бээлий заавал хэрэглэх журам хэрэгжиж байгаа билээ.  Зургадугаар сарын 15-наас эхлэн Англид нийтийн тээврийн бүх зорчигч амны хаалт заавал зүүнэ.


ДЭМБ заавал эмнэлгийн амны хаалтыг ашиглахыг уриалахгүй хэвээр байгаа бөгөөд хомсдол үүсэхгүй, шаардлагатай бол гэртээ хийж болох учраас даавуун амны хаалтыг өргөнөөр ашиглахыг зөвлөж байна. Түүнчлэн хүмүүс хоорондоо зай барих боломжгүй бүх газарт жишээлбэл, нийтийн тээврийн хэрэгслүүд эсвэл дэлгүүрүүдэд амны хаалт заавал зүүхийг зөвлөжээ.


Европ дахь нөхцөл байдал

Европын комиссоос Европын Холбооны /ЕХ/ гишүүн 27 оронд хандан дотоод хилээ долдугаар сарын 1 гэхэд нээхийг уриалжээ. ЕХ-ны орнуудын Дотоод хэргийн сайд нар холбогдох төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн байна.


Үүний зэрэгцээ, одоохондоо зөвхөн ЕХ-ны орнууд дотроо тавьсан хилийн хоригийг цуцлах тухай ярьж байгааг олон хүн онцолж байна. Бусад улсад хилээ хэзээ, хэрхэн яаж нээх асуудлыг энэ өдрүүдэд мөн хэлэлцэж байгаа юм.


Испани улс долдугаар сарын 1-нээс зөвхөн Франц, Португал улстай хилээ нээхээр төлөвлөж байна. Харин Бельги улс эсрэгээр хоригийг хугацаанаас нь өмнө цуцлахад бэлэн байгаа аж. Эрх баригчдынх нь мэдээлж буйгаар, хэрэв тархалтын хоёр дахь давалгаа эхлэх гэх мэт онцгой зүйл тохиолдохгүй бол тус улс хилээ зургадугаар сарын 15-нд нээнэ. Үүний зэрэгцээ Ирландын Засгийн газар “түгжрэлээс” гарах хоёр дахь шатны төлөвлөгөөг батлахаар бэлтгэж байна. Уг төлөвлөгөөнд зааснаар зарим жижиг албан газар, дэлгүүрүүдийг нээж, иргэдэд хамаатан садантай уулзахыг зөвшөөрөхөөс гадна, ирландчууд гэрээсээ урьдынх шигээ 5 биш, 20 км-ийн зайд хол явах боломжтой болно.


Францад  коронавирусний цар тахлыг хяналтад авсан гэж тус улсын Засгийн газрын шинжлэх ухааны зөвлөхүүд мэдэгджээ.


Баасан гарагт Чех улс төлөвлөснөөс 10 хоногийн өмнө Австри, Германтай хилээ нээв. Баасан гаргийн үдээс хойш эдгээр хоёр улс, мөн Унгарын иргэд Чехэд зорчих боломжтой болжээ. Тус улс мягмар гаргаас Словактай хилээ нээнэ. Чехийн эрх баригчид мөн зургадугаар сарын 15-наас эхлэн Швейцар, Финланд, Латви, Литва, Эстони зэрэг эпидемиологийн таатай нөхцөл бүхий орнуудын иргэдийг тус улсад зорчихыг зөвшөөрнө.


Зургадугаар сарын 15-наас Их Британид нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо эмнэлгийн амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлнэ. Энэ өдөр хувцасны зарим дэлгүүрийг нээхээр төлөвлөж байгаа бөгөөд албаны хүмүүсийн мэдээлснээр метро болон автобусанд зорчигчдын урсгал нэмэгдэх ажээ. Амны хаалт зүүх журам мөн галт тэрэг, нисэх онгоц, гаталга онгоц болон усан онгоцны зорчигчдод хамаарна.

 

Их Британийн халдвар, нас баралтын статистик Европын орнууд дотроо хамгийн өндөр байгаа юм. Баасан гаргийн байдлаар тус улсад 283 мянган хүн халдвар авч, 40 мянга орчим хүн нас баржээ. Гэхдээ халдварын шинэ тохиолдлын тоо буурсан байна. Одоогийн байдлаар өдөрт 5600 орчим хүнд “Covid-19” оношлогдож байгаа аж. Хоёр долоо хоногийн өмнө энэ үзүүлэлт 8000 давж байсан юм.

Холбоотой мэдээ