Манай улс Далай ашиглах хуулийг 1999 онд баталжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2020-06-08 14:45:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн далайн өдөр өнөөдөр тохиож байна. 

Анх 2009 оны 2 дугаар сарын 12-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар дэлхийн хүн ам цэнхэр гарагийнхаа тэнгис, далайтай холбоотой бүхий үйл ажиллагаа, асуудалд анхаарлаа хандуулж байх зорилгоор энэ өдрийг жил бүр тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.

Харин үүнээс өмнө1992 онд Бразилийн Рио-Де-Жанейро хотод болсон олон улсын дээд хэмжээний уулзалтын үеэр “Дэлхийн далайн өдөр” нэрийн дор анх удаа дээд түвшний хэмжээнд хуралдаж байв.

Манай улс далайд гарцгүй ч Далай ашиглах тухай хуультай. Энэ хуулийг бүр 1999 онд баталж байв. Монгол Улс 1921 оны Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Барселоны тунхаглал, 1948 оны Олон улсын далайн байгууллагын тухай конвенц, 1982 оны Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц зэрэг олон далайн салбарын 29 конвенц, протоколд нэгджээ. 


Үүнийхээ дагуу манай улс Далай ашиглах тухай хуулиа баталж олон улсын түвшинд олгосон эрхээ эдэлж, үүргээ хүлээж иржээ. Монгол Улсын төрийн далбааг ашиглуулах үйл ажиллагааг манай улс Сингапуртай хамтран байгуулсан “Монголын хөлөг онгоцны бүртгэл” компаниар дамжуулан явуулдаг. 2003 оноос эхэлсэн энэхүү үйл ажиллагаагаар нийтдээ 30 гаруй улсын 3500 орчим хөлөг онгоцыг бүртгэснээс тогтмол 260 орчим онгоц Монгол Улсын төрийн далбааг далайд мандуулдаг байна.


Холбоотой мэдээ