Монгол Улсын анхны өндөр барилгын загвар Дарханд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-06-10 11:35:38

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын анхны хамгийн өндөр барилга болох 16 давхрын загвар Дархан-Уул аймгийн төв Музейд хадгалагдаж байна. Эх загвар зургийг Дархан хотын ерөнхий архитектор асан О.Жаргалсайхан 1980 онд зохиосон аж.

172 айлын орон сууцны уг барилгыг 3 тийш жигүүр гарган цацраг хэлбэртэйгээр төлөвлөсөн нь бүх айлд нарны гэрэл тодорхой цагуудад тусах боломжтой аж. Мөн бүх давхарт жигүүр бүрийн айлуудын орж, гарах хөдөлгөөнд хэт бөөгнөрөл үүсгэхгүйгээр ачааны болон зорчигчдын хос лифттэй юм. Онцгой үед ашиглах зорилгоор тусгай галын хамгаалалт бүхий нэгдсэн гарц шат хийж өгсөн нь анхных байлаа гэж түүхэнд тэмдэглэгджээ.

Тус барилгын хамгийн дээд техникийн давхрыг оршин суугчид болон зочдын ая тухтай амрах, Дархан хотыг бүхэлд нь харж танилцаж болохуйцаар эргэн тойрон шилэн цонхтой гэгээлэг танхим, 3 тийш гарах уужим тагттайгаар төлөвлөж хийсэн нь шинэ санаа, шинэ шийдэл болсон аж.

Найрамдлын ах дүү орнуудын эв нэгдлээр сүндэрлэн боссон аж үйлдвэрийн хот Дарханд барьсан тус барилгын зургийг Бүгд Найрамдах Армени улсын барилгын зургийн институтэд илгээн хийлгэсэн бөгөөд 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулж байжээ. 21 дүгээр зуун гартал тус барилга нь Монголын хамгийн өндөр барилга гэгдэж байсан. Барилгын хийц, дизайнын тухайд одоо ч дахин давтагдашгүй аж. 172 өрхийн 500 гаруй оршин суугчтай барилгын эх загварыг Дарханыг зорьсон хүн бүр аймгийн музейд орж үзэх боломжтой юм.

Холбоотой мэдээ