“Багш дор мөргөмүй” шагналын эзэн Увсаас тодорчээ

Орон нутагт | Увс
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 12:57:46

Завхан аймгийн Идэр суманд болсон “Идэрийн эх хэлний сорилго, оюуны их баяр”-т Увс аймгийн дөрвөн баг амжилттай оролцоод ирлээ. Хамгийн өндөр шагнал болох "Багш дор мөргөмүй" тэмдэг, 3 сая төгрөгийн эзнээр Увс аймгийн Улаангом хотын Цогцолбор 2-р сургуулийн монгол бичгийн багш Д.Ариунаа тодорсон байна.

Мөн Цогцолбор 2-р сургуулийн баг олимпиадын нийлбэр дүнгээр 2-р байр эзэлж, 500 мянган төгрөгийн эзэн болжээ.

Энэхүү олимпиадад оролцохоор монгол хэл, бичгийн багш нар өөрсдийгөө болон шавь нарыгаа жилийн турш бэлтгэдэг билээ. Өнгөрсөн жил “Багш дор мөргөмүй” шагналын эзнээр Увс аймгийн “Чандмань-Эрдэм” ахлах сургуулийн монгол бичгийн багш М.Өлзийдэлгэр тодорч байсан юм. “Багш дор мөргөмүй” тэмдэг нь 20 цэнгийн мөнгө, нэг цэнгийн алт хоёроор хослуулж хийсэн нэг сая төгрөгийн өртөг бүхий тэмдэг юм. Энэхүү шагналыг бага ангийн монгол бичгийн багшийн олимпиадад тэргүүлсэн багшид олгодог бөгөөд бэлэн 3 сая төгрөг дагалддагаараа хамгийн өндөр шагнал болдог байна.

Тэмцээнд Улаанбаатар хот болон найман аймгийн 42 баг өрсөлдсөн бөгөөд Л.Төрбаяр захиралтай “Шинэ Ази” групп дахиад л зохион байгуулсан байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ