Шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдсан уу?

Монголын мэдээ | Хууль
batbold.sh@montsame.gov.mn
2020-06-18 16:40:29
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 2020 оны сонгуульд нам, эвслүүдээс болон бие дааж өрсөлдөхөөр хүсэлтээ илэрхийлсэн 606 хүн СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж аваад сонгуулийн сурталчилгаа дуусах тийшээгээ хандаж байна.


Хамгийн хачирхалтай нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд цагдан хорих газраас цөөнгүй нэр дэвшигч өрсөлдөх нөхцөл байдал үүслээ. Тухайлбал, шүүхээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, нэр дэвшигч Х.Бат-Ялалт, Д.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг сонгуулийн сурталчилгааны дундуур цагдан хорих шийдвэрийг гаргаад байна. Урьд өмнө Монголын ардчилал, улс төрийн түүхэнд гарч байгаагүй энэхүү үйлдэл нь олон нийтийн гайхашралыг төрүүлж байна. Учир нь хууль шүүхийн байгууллага УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авсан аливаа нэр дэвшигчийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах, баривчлах шийдвэр гаргахдаа СЕХ-ноос зөвшөөрөл авах хуулийн заалттай. Харин УИХ-ын сонгуульд нэр дэвших явцдаа баривчлагдсан нэр дэвшигчдийн өмгөөлөгчид бүгд дээрх хуулийн заалт зөрчигдлөө хэмээн байр сууриа илэрхийллээ.


Тэр тусмаа УИХ-ын гишүүний халдашгүй байдал (Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрх шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд тангараг өргөснөөр дуусгавар болно гэж заасан) нь цуцлагдаагүй байгаа Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэлгүй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр шууд баривчлан хорьсон нь шүүхээс УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдав уу гэсэн асуултыг дагуулж байна. Хуулиараа бол УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдахаас бусад нөхцөлд шууд баривчлахыг хориглосон. Тиймээс ч аливаа УИХ-ын гишүүнийг гэмт хэрэгт холбогдуулан шалгах шаардлага гарвал прокурорын байгууллагаас УИХ-д тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж өгөхийг хүсэж хүсэлтээ тавьдаг уламжлалтай. 


Энэ удаа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-аар огт хэлэлцүүлсэнгүй, сонгууль зохион байгуулж буй төв байгууллага СЕХ-ноос ч зөвшөөрөл авалгүй цагдан хорьсон нөхцөл байдал үүсэв. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү үйл явдлыг парламентын засаглалтай, тусгаар тогтносон, бүрэн эрхт улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад бүдүүлгээр халдсан явдал гээд, шүүх, шүүгчдийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчиж байгаа тул Монгол Улсын иргэн Ж.Эрдэнэбатын сонгогдох эрх болон УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхэд халдсан бусармаг үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг холбогдох шүүхийн байгууллага, шүүгчдээс шаардсан байна.


 Мөн ХҮЭК-оос мэдэгдэл гаргаж, шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын бүрэн эрхэд халдаж, сонгуулийн үеэр цагдан хорьсон явдал нь Монгол Улсын ардчилал болон хүний эрхийн нөхцөл байдал олон улсад таагүйгээр үнэлэгдэхэд хүргэх сөрөг үр дагавартайг сануулж, хүний эрхийг зөрчсөн үйлдлээ яаралтай зогсоохыг шаардаад байна.


Холбоотой мэдээ