Алтай, Бугат суманд бага оврын онгоц анхны нислэгээ үйлдлээ

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2020-06-22 21:03:22

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай сум болон Бугат сумын Тахийн талд ерөнхий зориулалтын “Цесна грант крават 208В” бага оврын агаарын хөлөг анхны нислэгээ амжилттай үйлдлээ. 


Засгийн газрын үйл ажиллагааны “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг үндэслэн Зам тээврийн хөгжлийн сайд алслагдсан сумдад бага оврын нисэх онгоцны зах зээлийг хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлсний дагуу тус аймгийн дээрх сумдад ерөнхий зориулалтын агаарын хөлөгт зориулагдсан хөөрч буух түр зурвасыг байгуулж, өнөөдөр анхны нислэгээ үйлдэж байна.

Бага оврын онгоц нисч эхэлснээр алслагдмал сум суурингийн өндөр настан, нялх хүүхэдтэй эхчүүд, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авах шаардлагатай иргэдэд аймгийн төв, нийслэл хот руу түргэн шуурхай зорчих боломж бүрдэж, төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож байгааг холбогдох албанаас онцлон танилцуулав.

Бугат сум нь 2200 гаруй хүн амтай, аймгийн төвөөс 210 километрт, Алтай сум 2100 орчим хүн амтай, аймгийн төвөөс 360 километрт оршдог бөгөөд өндөр уул, даваа бартаа ихтэй, ялангуяа өвөл, хаврын улиралд зам, даваа хаагдаж аймгийн төвтэй холбогдоход хүндрэл үүсдэг. Тус сумдад ард  иргэд аймгийн төвд ирэхдээ автомашинаар 7-9 цаг явдаг байсан бол ийнхүү олон талын ач холбогдолтой агаарын тээврийн үйлчилгээ авах бүрэн боломжтой боллоо. 

Ийнхүү тухайн хөөрч буух түр зурвас талбайд техникийн буюу шалгалтын нислэгийг “Геосан” ХХК-ийн АНУ-д үйлдвэрлэсэн "Цесна Гранд Краван 208В" маягийн 12 хүний суудалтай, цагт 300 км/цагийн хурдтай, 7000 метрийн өндөрт нисэх хүчин чадалтай агаарын хөлгөөр хийж гүйцэтгэлээ.