Петровис групп компанийнхан “Зүрх мартахгүй” төсөлд 20 сая төгрөг хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар Сонгдо" эмнэлгээс санаачлан хэрэгжүүлж буй "Зүрх мартахгүй" төсөлд үндэсний тэргүүлэгч Петровис групп компанийн ажилтнууд нэгдэн 20 сая төгрөгийг цуглуулж, өнөөдөр хүлээлгэн өгөв.
Тус эмнэлгийн хамт олон зөв цаг үед нь мэс засал хийвэл бүрэн эдгэрдэг зүрхний төрөлхийн гажиг өвчний мэс заслыг Монголдоо хийж байгаа юм. Дэлхий дахинд түгээмэл тохиолддог гажгуудын нэг болох зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхэд манай улсад жилд дунджаар нэг мянга орчим төрдөг бөгөөд тэдний 200-300 нь мэс засал хийлгэх нэн шаардлагатай байдаг байна.
Хандивыг гардуулах үеэр Петровис Ойл ХХК-ийн Ерөнхий захирал С.Энх-Амгалан” “Олон бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэж байгаа “Зүрх мартахгүй” төсөлд бид дараа жил ч мөн хамт олноороо дахин нэгдэнэ” гэдгээ илэрхийллээ. Ажилтнуудын өөрсдийн санал санаачилгаар тус компанид өрнөсөн “Бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэе” аянд нийт 2 200 орчим ажилтан нэгдсэн байна.
Дэлхий дахинаа үүсээд
буй “COVID-19” халдварын улмаас иргэд гадаад оронд зорчих боломжгүй болсон,
тэрчлэн гадаад улсуудад тус мэс заслыг хийлгэхэд өндөр зардал шаардагддаг
зэргийг үндэслэн зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүд эндэхээс сэргийлэх чухал
зорилгоор эхлүүлсэн тус аяны хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 17 хүүхдэд мэс
заслыг амжилттай хийж, энх тунх амьдрал бэлэглэжээ.
Петровис групп компани
нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин, үндэсний өв уламжлал, спорт,
эрүүл мэнд зэрэг тэргүүлэх салбаруудад олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг
бөгөөд энэ удаад бизнесийн байгууллагуудаа манлайлан бяцхан зүрхэнд амьдрал
бэлэглэх “Зүрх мартахгүй” төсөлд хамт олноороо ийнхүү нэгдээд байна.