Хонконгт 50 гаруй жагсагч баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-06-29 10:16:55

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Хонконгийн эх газрын хэсэгт ням гарагт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар 50 гаруй хүнийг баривчилсан гэж тус хотын хууль сахиулах байгууллагын хэвлэлийн алба мэдээлэв.  


"Цагдаа нар хууль бус цугларалтад оролцсон гэх үндэслэлээр нийт 53 хүнийг, түүний дотор 41 эрэгтэй, 12 эмэгтэйг саатуулсан" гэж мэдэгдэлд тэмдэглэжээ.


Залуус голдуу жагсагчид БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг батлахыг эсэргүүцэн Монконг дүүрэгт цугласан байна. Эмх журам сахиулагчид удаа дараа сануулга өгснийхөө дараа жагсагчдыг тараахын тулд халуун чинжүүтэй хий ашиглажээ. Жагсаал ерөнхийдөө тайван болж, эмх замбараагүй байдал дэгдээгүй байна.


Хонконгт хууль зөрчигчдийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх боломж олгох хуулийн төслийг батлахыг эсэргүүцсэн жагсаал өнгөрсөн оны зургадугаар сард эхэлж, эмх замбараагүй байдал дагуулсан билээ. Хэдийгээр төслийг Хууль тогтоох зөвлөлөөс албан ёсоор эргүүлэн татсан ч сөрөг хүчнийг дэмжигчдийн жагсаал 11 дүгээр сарын дунд хүртэл үргэлжилж, зам хаах, галдан шатаах, эвдэн сүйтгэх зэрэг эмх замбараагүй байдал үүссэн юм.  


Иймэрхүү үймээн самуунаас цаашид урьдчилан сэргийлэхийн тулд Хятадын эрх баригчид засаг захиргааных нь энэхүү онцгой бүсэд үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг тавдугаар сарын сүүлчээр санаачилжээ. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хууль эрх зүйн баримт бичгийн эцсийн хэлэлцүүлгийг ням гарагт эхлүүлсэн байна. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, хуулийн төслийг мягмар гарагт баталж магадгүй байна. Долдугаар сарын 1-ний лхагва гарагт Хонконг "нэг улс-хоёр тогтолцоо" зарчмын дагуу  Хятадын харьяалалд шилжсэний 23 жилийн ойгоо тэмдэглэнэ.

Холбоотой мэдээ