Архангай аймгийн хүн ам 10 жилийн хугацаанд 12.3 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-06-29 16:05:25

Архангай /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого энэ оны 1 дүгээр сард болсон. Дүн мэдээллийг аймгийн Статистикийн хорооноос мэдээллээ. Архангай аймгийн хүн ам 94994, өрхийн тоо 27055 болсныг тоолж гаргажээ.

Аймгийн хүн ам 2010-2020 оны хооронд 10 гаруй жилийн хугацаанд 12.3 хувиар өсч, жилийн дундаж өсөлт 1.4 хувьтай байна.  Хүн амын тоо, тооллогыг явуулсан онуудаар авч үзвэл, Архангай аймгийн хүн ам 1956 онд 60300, 1963 онд 63000, 1969 онд 70383, 1979 онд 76080, 1989 онд 82503, 2000 онд 97618, 2010 онд 84583 хүн амтай болж буурсан байна. Харин энэ оны тооллогоор 10 мянга гаруй буюу 12.3 хувийн өсөлттэй гарсан байна.  

Архангай аймгийн хүн амаас гадаадад 6 сараас дээш хугацаагаар оршин суугаа 740, гадаадын харьяат 70 иргэн байгаа ажээ.

Аймгийн хүн ам нь насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр байгаа ба 0-14 насны хүүхэд 31.2 хувь, 15-34 насны хүн ам 32.0 хувь, 35-64 насны хүн ам 32.4 хувь, 65 түүнээс дээш насны хүн ам 4.04 хувийг эзэлж байна.

 

Холбоотой мэдээ