Хөл хориог сунгаж зарим үзвэр үйлчилгээний газрыг нээхийг даалгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-06-30 18:38:18
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, УОК-ын өнөөдрийн хуралдаанаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг долоодугаар сарын 15-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэлээ. Ингэхдээ, дотоодын зарим аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагыг үе шаттайгаар нээхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ. 


Тодруулбал, халдвар хамгааллын дэглэмээ сахисан, нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой, иргэдийн чөлөөт цагаа боловсон өнгөрөөх аж ахуйн нэгж, үйлчилгээний газрыг долоодугаар сарын 1-ний өдрөөс мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн нээхээр болсон байна. Үүнд, шөнийн цэнгээний газар болон PC тоглоомын газар хамаарахгүй, бусад хүүхдийн  тоглоомын газар, зуслан, бильярд, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээ буюу кино театр, караокег ДЭМБ, ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу дэглэм сахисан бол мэргэжлийн байгууллагын  дүгнэлтэд үндэслэн үе шаттай нээх чиглэлийг УОК-оос аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ. Харин олноор цугласан жагсаал, нийтийг хамарсан спортын уралдаан, тэмцээнийг хориглохыг сануулжээ. 


Энэ дагуу Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдахаар болж буйг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа. Тэрбээр, иргэд аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодоос ирсэн санал, хүсэлтийн дагуу өнөөдрийн УОК-ын  хуралдаанд танилцуулга хийснийг тодотгоод, өмнө нь номын сан, музей, худалдааны газар, дэлгүүрийн хязгаарлалтыг сулруулсныг онцлов. 


Ташрамд дурдахад, нийслэлийн орчимд 25 сургалт, амралтын хүүхдийн зуслан байгаа бөгөөд 160 гаруй ажлын  байр хадгалдаг байна. Мөн хүүхдийн тоглоомын 24 газар 220 ажлын  байр хадгалдаг. Түүнчлэн, соёл урлагийн  үзвэр үйлчилгээ буюу  театр,  чуулгын 10 байгууллага, 21 кино театрыг нээснээр 750 ажлын байр хадгалах боломжтой аж. 460 гаруй  караоке, 26 билъярдны 880 аж ахуйн нэгжийн  5500 гаруй  ажлын байр байдаг. Дээрх байгууллагуудыг  нээснээр нийтдээ 10 мянган ажлын байр хадгалах боломжтой гэдгийг  Нийслэлийн  Засга даргын орлогч Ж.Батбаясгалан онцоллоо. 


Монгол Улсын Засгийн газар, УОК-ын  шийдвэрийн дагуу энэ сард гадаадад байгаа хүндэтгэн үзэх шалтгаантай 2000 орчим иргэнээ тусгай нислэгээр татан авчээ. Ирэх сард 3000 орчим иргэнээ татан авахаар төлөвлөсөн бөгөөд УОК-ын шуурхай штабын хурлаар дэлгэрэнгүй танилцуулахыг Засгийн газрын Хэвлэл, мэдээллэлтэй харилцах хэлстийн дарга Ц.Ганзориг дуулгалаа.


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ