Хөдөөгийн сумдаас ЭЕШ өгөх сурагчдын 53 хувь нь аймгийн төвд иржээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-30 22:23:40

Ховд /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 02-05-ны өдөр улс орон даяар зохион байгуулна. Ховд аймгийн хувьд энэ жил ЕБС-ийн 12 дугаар ангийг 917 сурагч төгсөж байгаа. Үүнээс 847 сурагч  ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ.

Шинэ төрлийн коронавирусний халдвараас сэргийлж хөл хорио тогтоосон ч төгсөх ангийн сурагчдад зориулан сургалт, давтлагыг үе шаттай зохион байгуулсан.

ЭЕШ-ын бэлтгэл ажлыг хэрхэн хангасан талаар Ховд аймгийн БСУГ-аас тодрууллаа.

Энэ удаагийн ЭЕШ-ыг аймгийн төв буюу Жаргалант сумын ерөнхий боловсролын нэг, хоёрдугаар сургууль дээр тус тус зохион байгуулна.

Шинэ төрлийн коронавирусний халдварын нөхцөл байдалтай холбогдуулан улс, аймгийн Онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг баримталж, Ховд аймгийн БСУГ-аас сурагч бүрт нэг удаагийн бээлий, амны хаалт, халдвар хамгааллын хэрэгсэл олгохоор болжээ.   

Түүнчлэн ЭЕШ зохион байгуулагчид, хянагчдаас гадна нэмэлтээр эмч болон үйлчлэгч ажиллуулах гэж байгаагаараа онцлогтой.

Шалгалт зохион байгуулах сургууль  тус бүрт  урьдчилан сэргийлэх үзлэгийн өрөө бий болгожээ.

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаанд хязгаарлах тухай аймгийн Засаг даргын А/340 дугаар захирамж гарсан. Гэхдээ ЭЕШ-д өгөхөөр хөдөөгийн сумдаас ирэх сурагч, багш, эцэг эхчүүдийг мэргэжлийн байгууллагын хяналт дор асуумж авснаар Жаргалант сум буюу аймгийн төвд нэвтрүүлэхээр шийдвэрлэжээ.

Хөдөөгийн сумдаас ЭЕШ өгөхөөр 380 сурагч бүртгүүлсэн. Одоогийн байдлаар 202 сурагч буюу нийт сурагчдын 53 хувь нь аймгийн төвд ирээд байна. Харин бусад сурагчтай холбоо тогтоож, хяналт шалгалтын постоор нэвтрүүлэх шийдвэрийг өнөөдрийн аймгийн Онцгой комиссын хурлаас гаргасан гэж албаны эх сурвалж онцлон мэдээллээ.   

Холбоотой мэдээ