Ховд аймгийн хэмжээнд 917 сурагч ЭЕШ өгч байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-02 21:11:11

Ховд /МОНЦАМЭ/. 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн ерөнхий шалгалт |ЭЕШ|-ыг долоодугаар сарын 02-05-ны өдөр улс орон даяар зохион байгуулж байна.

Ховд аймгийн тухайд энэ жил  917 сурагч ЭЕШ өгч байгаа буюу давхардсан тоогоор 2000 гаруй шалгуулагч байгаа аж.  

Энэ удаагийн ЭЕШ-ыг Жаргалант сумын ерөнхий боловсролын нэг, хоёрдугаар сургууль дээр зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсын түүх хичээлээр эхэлж 13 сурагч шалгалт өглөө.  

Шинэ төрлийн коронавирусний халдвар, тарваган тахал өвчний нөхцөл байдалтай холбогдуулан ЭЕШ-ын явцад улс, аймгийн Онцгой комиссоос гаргасан зөвлөмж, журмыг чанд баримталж байгаагаараа онцлогтой.

Тодруулбал, сурагч бүрийн халууныг хэмжиж, нэг удаагийн халдвар хамгааллын хэрэгсэл олгож байна. Мөн шалгалт зохион байгуулж буй сургууль тус бүрт урьдчилан сэргийлэх үзлэгийн өрөө бэлтгэжээ. Улмаар анги танхим бүрт ариутгал халдваргүйтгэл тогтмол хийж байгаа аж. 

Өнгөрсөн жил ЭЕШ-ын дүнг хувиар дуудах хэлбэрээр явуулж байсан. Харин энэ жил шалгалтын нийт дүнг ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль дээр нэгтгэж, цахим хэлбэр |лайв|-ээр шууд хүргэх юм.

Мөн шалгалт өгч буй сурагчид өөрийн сонгосон сургуулийн цахим бүртгэлд хамрагдсан байх шаардлагатай. Уг цахим бүртгэл долоодугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд үргэлжилнэ. 

Энэ удаа ЭЕШ-ын зохион байгуулагч, хянагч, эмч, үйлчлэгч зэрэг нийт 100 хүн ажиллаж байна. 


Холбоотой мэдээ