С.Одбаяр: Сайншанд хот бусад аймаг, сумаас эртэч, соёлтой үйлчилгээгээр эрс ялгарах ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-07-05 09:11:08

Дорноговь /МОНЦАМЭ/.Сайншанд сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Сайнхүүгийн Одбаяртай уулзаж, жижиг дунд үйлдвэрлэл, тулгарч буй бэрхшээл, бизнесийн орчин, зээл болон бусад боломж нөхцөлийн талаар ярилцлаа.


-Өнгөрсөн хугацаанд Сум хөгжүүлэх сангаас хэчнээн төгрөгийн зээлийг бизнес эрхлэгчдэд олгосон бол? Ямар төслийг түлхүү дэмжсэн бэ?

-Анх 2011 оноос Сум хөгжүүлэх сангийн зээлийг хэрэгжүүлж төсөл сонгон шалгаруулж эхэлсэн байдаг. Сайншанд суманд бизнес эрхлэгчдийн төслийг дэмжих Орон тооны бус зөвлөл өнөөдрийг хүртэл ажиллаж орон нутагт нэн түрүүнд шаардлагатай байгаа бизнесийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж байна.

Гэтэл 2015 оноос эхлэн санхүүжилт хийгдэхгүй байсан учир эргэлтийн хөрөнгө багассан. Сайншанд сумын хэмжээнд нийт нэг тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө байна.

Зээлийг жилийн гурван хувийн хүүтэй олгодог журамтай. Тухайн үед зээл олгох журам, барьцаа хөрөнгө зэрэг нь тодорхойгүй байсан учир зээлийн эргэн төлөлтөд хүндрэл учирсан. 2016 он гэхэд зээлийн эргэн төлөлт багассан төдийгүй зээл аваад төлөөгүй хүмүүст хариуцлага хүлээлгэх нөхцөл нь тааруухан байдалтай байснаас гадна олгосон зээлийг зориулалтын бусаар зарцуулсан тохиолдлууд гарсан.

Үүнд анхаарал хандуулж шүүх, хуулийн байгууллагад хандсан. Бид өнгөрсөн хугацаанд дээрх төслийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах чиглэлээр бүх боломжоо дайчлан ажилласан юм.

Одоо 300 орчим сая төгрөгийн санхүүжилтийг жилдээ олгох боломжтой боллоо. 2017 онд 23 төсөлд 307 сая төгрөг, 2018 онд 15 төсөлд 235 сая төгрөгийн зээл, 2019 онд 16 төсөлд 219.6 сая төгрөг олгосон байх жишээтэй. Төслийн хэрэгжилт 90 гаруй хувьтай байна.

-Зээлийн санхүүжилт болон хүү, эргэн төлөх хугацаа бизнес эрхлэгчдэд хэр бодитой тусч байна вэ?

-Өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүдийн хувьд үр ашиг нь гарч байна. Харин шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид хүндрэл учирдаг.

Сумын ИТХ-ын хуралдаанаар 2020 оны Сум хөгжүүлэх сангийн зээлийн дээд хэмжээг 30 сая төгрөг байсныг 50 сая төгрөг болголоо. Зээлийн хэмжээг нэмэгдүүлснээр тухайн зээлдэгч тодорхой хэмжээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдэж байна. Цаашдаа зээлийн хэмжээг 100 сая төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлагатай.

Ингэснээр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийн гарааны бизнесийг дэмжих боломж бүрдэнэ. Зээлийн хэмжээ бага учир зээлийн хөрөнгө дөнгөж тоног төхөөрөмж худалдан авах зэрэг бусад зардалд шингэж, үйлдвэрлэл явуулах боломж хомс, эргэлтийн хөрөнгө дутагдаж байгаа нь өнгөрсөн хугацаанд ажиглагдсан.

Энэ сангийн үйл ажиллагааны төрийн оролцоог багасгах, хоёрдугаарт санхүүжилтийг бодитой болгох шаардлага байна. Арилжааны банктай харьцуулахад хүү багатай хэдий ч зээлийн хэмжээ, зээл төлөх хугацаа бодитой биш.

Учир нь бизнес эрхлэгчдийн саналыг сонсож байхад зээлийн хэмжээг 100 сая болгож, зээлийн хугацааг таван жил болгох шаардлагатай гэдгийг хэлдэг. Бас нэг хүндрэлтэй асуудал нь зээлдэгчдийн мэдээлэл Монгол банкны мэдээллийн санд ороогүй байсан.

Зээлийн мэдээллийн санд ороогүй учир зээл төлсөн эсэх нь тодорхойгүй төдийгүй давхар зээлтэй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Харин одоо бизнес эрхлэгчдийн мэдээлэл Монгол банкны мэдээллийн санд орох боломжтой болсон. Нэг талаараа зээлдэгч өөрөө хариуцлагатай байна гэсэн үг.

-Зээлд хамрагдсан төслөөс ямар үйлдвэрлэл илүү амжилттай ажиллаж байна?

-Сумын хэмжээнд 460 орчим аж ахуй нэгж, байгууллага, 405 орчим хувиараа бизнес эрхлэгч нийт 1000 орчим аж ахуй нэгж, иргэд үйл ажиллагаа явуулж байна.

Энэ тоо жил бүр өсч байгаа. Улаанбаатарын томоохон хүнсний худалдаа, бөөний үйлчилгээ орон нутагт нэвтэрснээр бизнес эрхлэгчдийн хандлага өөрчлөгдөж үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, өрсөлдөөн бий боллоо.

Үүнээс гадна үйлчилгээний соёл, стандарт олон улсын жишгийг дагаж шинэчлэгдэж буй. Сум хөгжүүлэх сангаас олгож байгаа зээлийн үйл явцаас харахад тавилга үйлдвэрлэлийн бизнес амжилттай байна. Мөн хөдөө аж ахуй, фермерийн аж ахуй, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр боломж бий.

Сайншанд сумын хэмжээнд бид “Тэгш гудамж”, “Хотын гудамж” гэх зэрэг аян зарлаад тохижилтын ажлыг иргэдийн оролцоотой хийж байна. Гэхдээ жишиг хашааг буй болгох эсвэл хаягжуулах зэрэг төслийг иргэд санаачилвал дэмжих боломжтой. Зах зээл, эрэлт хэрэгцээ нь ч байна.

Зээл хүсэгчдийн төслийг шалгаруулахдаа ил тод байдлыг хэрхэн хангадаг вэ? Миний бодлоор Сум хөгжүүлэх сангийн зээлийн шалгаруулалтыг төрд хариуцуулж Орон тооны бус зөвлөл зохион байгуулсан нь тийм ч оновчтой бус санагддаг. Би аймгийн төвийн сумын Засаг дарга. Гэтэл хүн ам цөөтэй суманд бүр хүндрэлтэй болов уу.

Бид нэг нэгнээ таньдаг. Энэ шалгаруулалтыг нээлттэй болгож үзсэн. Төсөл бичсэн хүнээр өөрөөр нь хамгаалуулахад үр дүн гарсан. Гэтэл энэ нь шийдвэр гаргах хүмүүст нөлөө үзүүлээд байна. Жишээ нь зөвлөлийн гурван хүн сууж байлаа гэхэд орж ирсэн зээлдэгчтэй ихэнхдээ танилууд л байдаг.

Миний таньдаг хүн байтал надад санал өгсөнгүй унагаачихлаа гэж гомдох тохиолдол байна. Зээлийн шалгаруулалт зарлаж 50-60 төсөл хүлээн авлаа гэж үзье. Байгаа мөнгөндөө багтааж шийдвэр гаргана. Эцэст нь 15-20 төсөл сонгон шалгаруулна. Жаран хүнээс 20 нь шалгарахаар 40 хүн нь гомдолтой үлддэг. Миний төсөл учир дутагдалтай байсан, би төслийн баримт бичигтэй шаардлагатай зүйлсийг тусгаагүй гэж тухайн хүн огт боддоггүй.

Зөвхөн миний төслийг дэмжсэнгүй, намайг унагаачихлаа гэж л боддог. Энэ нь төрийн ажлыг гүйцэтгэж байгаа Засаг даргад нөлөөлж иргэддээ ойлгогдох өнцөг нь буруу болдог. Тэгэхээр энэ зээлийг төр зохион байгуулахаас илүү арилжааны банк эсвэл бизнесийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага зохион байгуулах нь оновчтой.

-Бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн тулгамдаж буй ямар асуудал байна?

-Төрийн байгууллагаас ямар нэгэн бичиг баримт хөөцөлдөөд явах нь хүндрэлтэй гэсэн нийтлэг ойлголт байдаг. Үүнд бид онцгой анхаарч ажилладаг. Аль болох иргэдэд хүндрэл чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх, хүссэн бичиг баримтыг нь цаг хугацаанд нь олгохыг хичээдэг.

Нөгөө талаас томоохон сүлжээ компаниуд орон нутагт салбараа нээхээр орон нутгийн худалдаачдад сөргөөр нөлөөлж байна гэдэг. Мөн арилжааны банкны хүүг бууруулах, зээлийн нөхцөлийг илүү хялбар болгох, барьцаа хөрөнгийг багасгах зэрэг олон зүйлийг өөрчлөх шаардлага байгааг бизнес эрхлэгчид хэлдэг.

-Сайншанд сумын бизнесийн бүтцийг ажиглахад үйлдвэрлэл дутмаг, үйлчилгээ давамгайлсан байдал харагддаг?

-Тийм ээ. Орон нутагт өрнөж байгаа бүтээн байгуулалттай холбоотойгоор үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага байна. Хоёрдугаарт үйлчилгээг сайтар хөгжүүлэх хэрэгтэй. Сайншандад ирээд ямар нэгэн үйлчилгээ авсан хүн сэтгэл ханамж өндөр байх ёстой.

Гэхдээ манай бизнесийнхний үйлчилгээ тааруу биш. Жилээс жилд үйлчилгээний соёл, хандлага сайжирч байгаа. Улам л сайжруулах хэрэгцээ шаардлага байна. Тэгж байж бид үйлчлүүлэгчдийг татаж бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх ёстой. Яагаад гэхээр хэрэглэгчид стандарт хүсдэг болсон. Тэгвэл бизнес эрхлэгчдийн хувьд анхаарах ямар зүйл байна?

Бизнес эрхлэгчид маань үйл ажиллагааныхаа чанарт анхаарч, түргэн шуурхай үйлчлэх шаардлага бий. Бизнесийн үйл ажиллагаа эртэч биш байна. Замын хүн өглөө эрт ресторанаар үйлчлүүлье эсвэл эртхэн шаардлагатай зүйлсээ олоод авья гэхээр манай дэлгүүрүүд хаалттай байдаг.

-Нэгийгээ дуурайж нөгөөгийнхөө бизнесийг унагадаг байдал нийтлэг ажиглагддаг?

-Ийм хандлага байна. Ашигтай юм байна гээд адилхан бизнес эрхэлж нэгнийхээ бизнесийг унагаж өөрөө ч ашиг муутай байх тал бий. Үүнд орон нутгийн бизнес эрхлэгчдийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагуудын оролцоо чухал.

Бизнес эрхлэгчдэд шаардлагатай мэдээлэл хүргэдэг байх, тэдэнд зөвлөгөө өгдөг, сургалт семинарыг тогтмол зохион байгуулах, эргэх холбоо тогтоодог байх нь чухал л даа. Тэгэхээр зах зээлийн судалгаа чухал байх нь? Тийм ээ. Өмнө нь би цухас дурдсан. Жишээ нь эхнэр нөхөр хоёр нэг лангуу түрээсэлдэг ч юм уу, эсвэл хувцас зарах нь нийтлэг.

Олон хүн ийм бизнес эрхлэхэд нэгнээ татан унагадаг. Тиймээс эрсдэлийг даван туулж, цаг үеэ олсон амжилттай бизнес хийхийн тулд зах зээлийн судалгаа явуулж тухайн орчинд бизнес эрхлэх боломж байгаа эсэхийг судлах шаардлагатай юм.

Тиймээс бид танай сэтгүүлтэй хамтран ажиллаж Сайншанд сумын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг сурталчлах, олон нийтэд таниулахаар ажиллаж байна. Орон нутгаас бизнес эрхлэгчдийн худалдан авалтыг өсгөх, гарцыг нээж өгөх тал дээр анхаарч ажиллах ёстой. Сайншанд сумын хэмжээнд бизнесийн хамгийн том боломжийг Хамарын хийд рүү чиглэсэн аялал жуулчлал гэж харж байна.

Тиймээс орон нутгаас аялал жуулчлалын бүтээгдэхүүн нэмэгдүүлэх, үзэж харах зүйлсийг нээж, үүнийг түшиглэсэн худалдаа үйлчилгээг бий болгох нь чухал гэж үзэж байгаа. Зориод ирсэн жуулчныг Хамарын хийд хүртэл 30-40 км замаар хоосон давхиулах уу, дунд нь зогсоод худалдаа үйлчилгээний газруудаар оруулж, үзвэр үйлчилгээ үзүүлдэг боломжийг нээх үү гэдэг чухал.

Тиймээс бизнес эрхлэгчидтэйгээ хамтарч ажиллах бодлогыг баримталж байна. Хамарын хийдэд жилдээ 100 орчим мянган дотоодын жуулчин ирж байна. Энэ жилийн хувьд дотоодын жуулчин өсөх хандлагатай. Мөн аялал жуулчлалаас олж байгаа орлого дотооддоо хэр шингэж байгаа нь хамгийн чухал юм.

-Стандарт гэснээс манай бизнес эрхлэгчдийн үйлчилгээний соёл ямархуу байна?

-Жилээс жилд сайжирч байгаа. Гэхдээ бизнес эрхлэгчид маань тухайн хууль тогтоомж дүрэм журмыг өнгөцхөн ойлгосноос зарим зүйлийг дарамт хэмээн үзэх нь бий. Жишээ нь “И” баримт. Холбогдох хууль тогтоомжийг сайн судлаад, бизнес эрхлэгчид рүү чиглэсэн ямар боломж байгааг ойлгож мэдэрвэл илүү үр дүнтэй.

Тиймээс бизнес эрхлэгчид тухайн нөхцөл байдалтай уялдуулж үйл ажиллагаагаа явуулах буюу үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн тав тухтай бизнесийн орчныг бүрдүүлэх нь чухал юм. Сайншандын хувьд хүнсний бүтээгдэхүүнээ дотоодоосоо худалдан авдаг ч хувцас, бараа бүтээгдэхүүнийг өөр газраас авч байна.

Улаанбаатар, Эрээнд зардаг барааг энд авчирч зарах нь гол бус харин ижил төстэй бараа бүтээгдэхүүнийг орон нутагтаа үйлдвэрлэх нь чухал юм. Нөгөө талаас зах зээлийнхээ судалгааг хийж орон нутгийн онцлогоо мэдэрч ажиллах.

Сайншанд сум дэд бүтэц сайн хөгжсөн тул иргэд дуртай үедээ өмнөд хөрш рүү яваад хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнээ авчихдаг. Мөн Улаанбаатар яваад бараагаа аваад ирдэг. Ирээдүйд Сайншанд хот аж үйлдвэрийн бүс нутаг болж хөгжих учир аж үйлдвэр, тээвэр ложистик, аялал жуулчлалын чиглэлээр бизнес өргөжин дэлгэрэх нь гарцаагүй.

Дээрх тэргүүлэх чиглэлээс буй болох худалдан авалтыг бизнес эрхлэгчиддээ таниулан сурталчлах шаардлагатай байгаа юм. Үйлдвэрлэлийн хот болох учир наад зах нь ажилчдын хувцас хэрэглэл үйлдвэрлэх боломжтой.

-Сайншанд сумын брэнд бүтээгдэхүүн гэвэл юуг онцлох вэ?

-Чулуугаар төрөл бүрийн сувинер, гар урлал хийж худалдаалдаг компани амжилттай ажиллаж байна. “Загсгал цай” олны таашаал хүртсэн бүтээгдэхүүн боллоо. Улаанбаатарынхнаас дутахааргүй маш сайхан тавилга үйлдвэрлэж байна.

Говийн хөмөл хэмээх ургамлыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж бүтээгдэхүүн хийж яагаад болохгүй гэж. Гэтэл хөмөлийг хүмүүс маш ихээр түүж дараад худалдаалж байна. Үүнээс санаа аваад манай бизнес эрхлэгчид бизнес хийж болно. Олон түмэнд танигдаагүй хэдий ч маш олон үйлдвэрлэл манайд байна. Маш олон боломж байна.

Холбоотой мэдээ