Баянхонгор аймгаар аялахад Монголын байгалийн гурван өөр бүсийг үзэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-07-07 14:28:22

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг нь байгалийн олон янзын бүслүүр буюу хангай, тал хээр, говийн үзэсгэлэнт байгалийг хамран оршдог нь аялал жуулчлалын олон төрөл хэлбэрийг хөгжүүлэх давуу талыг бий болгожээ. Өөрөөр хэлбэл, Монгол оронд байгалийн аялал хийхээр ирсэн жуулчид зөвхөн Баянхонгор аймгаар аялахад л байгалийн гурван өөр бүс, нүүдэлчдийн амьдралын гурван өөр хэв шинж, соёл, өвөрмөц онцлогийг үзэж сонирхох боломжтой.
Энэ дэлхий дээрх хамгийн эртний хүмүүс амьдарч байсныг нотлох Цагаан агуй, өөр гараг ертөнцийн оюун ухаантнуудын бүтээл байж болох Цагаан булагийн хадны дүрс зургууд, эртний хүмүүсийн хаданд бичиж үлдээсэн бичиг соёлын нандин өв болох Бичигтийн хөндийн хадны сүг зургууд бүхий байгалийн галерей Баянхонгорт бий. Мөн дэлхийд хосгүй Шаргалжуут рашаан, одоогоос 100-200 сая жилийн тэртээ амьдарч байсан аварга биет динозаврын чулуужсан яс бүхий Бүгийн цав, энэ дэлхий дээр анх Монгол нутагт шатар үүссэнийг гэрчлэх Шатар чулууны хөшөө дурсгал, дэлхий дээр зөвхөн Баянхонгорт л цөөн тооны байдаг говийн баавгай хэмээх Мазаалай зэрэг олон гайхамшгууд бий.

Холбоотой мэдээ