Б.Оюун: Би хоёр Ерөнхийлөгчөөс одон авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-15 13:18:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр эхчүүдэд "Алдарт эх"-ийн одон гардууллаа. 

Төрийн ордоны урд хаалга дээр цагдаа, харуул хамгаалалтынхан “COVID-19” цар тахлын үед энэхүү ёслол болж буй учир дотогш орох эхчүүдийн биеийн байцаалт, амны хаалт, биеийн халуун зэргийг шалгаж байв. Амны хаалтаа мартсан, орхисон тохиолдол гарахад зохион байгуулагчдаас өгч байсан юм. 

Энгэртээ “Алдарт эх”-ийн одон гялалзуулсан залуухан эхчүүд Төрийн ордноос гарч ирэхэд, тэд нарыг гэр бүл, хань ижил, үр хүүхдүүд нь сэтгэл догдлон хүлээж авав. “Алдар эх”-ийн одон авсан эхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, баяр хүргэлээ.


“Алдарт эх”-ийн II одонтой Б.Чулуунцэцэг, “Өнөөдөр Төрийн ордондоо ороод Монгол Улсынхаа Ерөнхийлөгч Х.Баттулгаас Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалгасандаа маш их баяртай байна. Үнэхээр гайхалтай санагдаж, сэтгэл догдоллоо. Би 38 настай, 4 хүүхэдтэй, ам бүл зургуулаа амьдардаг. “Хүүхдийн урлан бүтээх төв”-д сургалтын менежерээр ажилладаг” гэв.

 Алдарт эхийн I одонтой Б.Оюун, “Өнөөдөр улсынхаа төрийн тэргүүнээс энэхүү хүндтэй одонг авсанд маш их баяртай байна. Би 3 жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржоос алдарт эхийн II одонгоо авч байсан. Тиймээс энэхүү үйл явдал нь миний хувьд маш гайхамшигтай, түүхэн үйл явдал болж байна” гэсэн юм. Энэ үеэр МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн гэргий, дуучин Г.Эрдэнэчимэг, мөн нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Баясгалангийн гэргий "Алдарт эх"-ийн II одон хүртэв.


Манай улс хүн ам цөөн улсуудын нэг учир ийнхүү одонгоор шагнаж, “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг тус тус олгодог.

“Алдарт эх”-ийн одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу 6 дугаар сарын 1-нд гардуулдаг уламжлалтай. Гэвч энэ жил дэлхий даяар тарсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж, одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан юм

Энэ жил “Алдарт эх”-ийн одонг улсын хэмжээнд 10 мянга 677 ээжид хүртээх аж. Үүнээс нэгдүгээр зэргийн одонг 720, хоёрдугаар зэргийн одонг 9957 ээжид олгохоос “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулж байна. Өнөөдөр гэхэд нийслэлийн Баянзүрх дүүргийн эхчүүдэд гардууллаа. 

Т.Энхтогтох


Холбоотой мэдээ