УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-20 14:26:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын 13 эмэгтэй гишүүн нам харгалзахгүй нэгдэн УИХ-ын даргатай зөвшилцөж УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулсан тухай өнөөдөр тус бүлгээс мэдээлэв. 


Тус бүлэг нийгэмд тулгамдсан ядуурал, архидалт, хүчирхийлэл, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх, тэднийг хамгаалах зэрэг арван чиглэлээр ажиллахаар зорилтоо тодорхойлсон бөгөөд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл даргалах юм. Тэрбээр, "УИХ-ын даргатай зөвшилцөн албан ёсны бүлэг байгуулсан. Энэ бүлгээрээ дамжуулан нийгмийн өмнө тулгамдсан олон асуудалд анхаарал хандуулж, улмаар шийдвэрлэх, үр дүнд хүрэх зорилготой ажиллана. Бүлэг хуралдаж, үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг тодорхойлсон. УИХ-ын сонгуулийн үеэр ард иргэдтэй уулзаж байхад бидэнд захисан, хүээлгэсэн үүрэг даалгавар байдаг. Энэ хүрээнд арав гаруй гол асуудалд суурилан ажиллах төлөвлөгөөгөө гаргаж байна. 13 гишүүн бүгдээрээ арав гаруй үндсэн ажилдаа багаараа оролцоно. Асуудлыг дундаа орхигдуулахгүйн үүднээс дор бүртээ судалж байгаа чиглэлээрээ  ахалж ажиллах зохион байгуулалтад орсон.


Хамгийн нэгдүгээрт нийгмийн бүхий л болж бүтэхгүй асуудлын суурь болж байгаа архидалттай тэмцэх чиглэлээр ажиллахаар төлөвлөн, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачлагыг гаргаж, Ажлын хэсэг байгуулан, хуулийн төсөл дээр ажиллаж байна. Энэ мэтчилэн арав гаруй чиглэлээр онцгойлон анхаарч, хууль эрх зүйн болон бодит үйл ажиллагаа явуулна" хэмээлээ.


Хэвлэлийн хурлын үеэр гишүүд хариуцаж авсан сэдвээрээ тус бүртээ мэдээлэл өгөв. Тэд бизнес эрхлэх боломж, боловсрол, хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг хуулийн хэрэгжилт, хүний хөгжлийн цогц бодлого, залуучуудын хөгжлийг дэмжих зэрэг арав гаруй асуудалд манлайлж ажиллахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ