Сургалт, дадлага явуулах жишиг танхимтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-08-20 16:25:20

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги сургалт, дадлага явуулах жишиг танхимтай болжээ. Дээрх ажлыг Турк Улсын “ТИКА” (Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг)-аас 14.000 доллараар санхүүжүүлж өнгөрсөн долдугаар сарын дундуур ашиглалтад оруулсан аж.

Сургалтын танхимтай болсноор иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, албан хаагчид, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд гамшгаас хамгаалах сургалт болон дадлага хийх, гамшгийн талаар ойлголт авах, гамшгаас урьдчилан сэргийлэх, өөртөө болон бусдад тусламж үзүүлэх, онолын болон практикийн мэдлэг хуримтлуулах боломж бүрджээ.

Гамшиг, эрсдэлт нөхцөл үүссэн тохиолдолд мэргэжлийн анги ажиллахаас гадна иргэд ч өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангах, аврагчидтай хэрхэн хамтран ажиллах талаар мэдлэгтэй байх нь чухал гэж албаныхан үзэж байна.

Энэхүү сургалтын танхим нь улсын хэмжээнд хоёр дахь жишиг сургалтын танхим аж. Дорноговь аймгийн Онцгой байдлын газар нь Сайншанд, Замын-Үүд, Айраг сум тус бүрт гал унтраах, аврах нэг ангитай үйл ажиллагаа явуулж байна.

Холбоотой мэдээ