Компаниуд вакциныг хурдан гаргах гэж яарахгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-09-09 13:29:34

ЛОНДОН. /BBC/. Коронавирусний вакциныг гарган авахдаа шинжлэх ухааны ёс зүйн өндөр стандартыг баримтална гэсэн ам өчгөө вакцин хөгжүүлэгч 9 компани өгсөн бол Их Британид халдварын тохиолдлын тоо хоёр өдрийн дотор огцом нэмэгджээ. Хөгжмийн зохиолч Эндрю Ллойд Уэббер сүйрлийн ирмэг дээрээ ирээд буй театруудыг аврахыг уриалав. Дэлхий даяар 27.7 сая хүн коронавирусээр халдварлаж, 901 мянга гаруй хүн халдварын улмаас нас барсан бол 19.8 сая хүн эдгэрсэн байна.  


Эдгээр болон коронавирусний цар тахлын талаарх бусад мэдээллийг "BBC" агентлаг тоймлон хүргэж байна.


Томоохон компаниудын амлалт

Вакцин хөгжүүлэгч 9 компани вакцин гарган авах ажилдаа шинжлэх ухааны ёс зүйн өндөр стандартыг баримтална гэсэн “түүхэн амлалт”-аа өгчээ.


Тухайлбал, “Pfizer” компани мэдэгдэхдээ эмнэлзүйн туршилтын гурван үе шатуудыг давсныхаа дараа л вакцины зөвшөөрөл олгох хүсэлтээ өгнө гэжээ.


Туршилтын хоёрдугаар шатыг явуулсны дараа Оросын "Спутник-V" вакциныг зарим бүлгийн хүмүүст ашиглахыг зөвшөөрсөн юм. Тус вакцины туршилтын гуравдугаар шат удахгүй эхэлнэ.  "Спутник-V" вакциныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Владимир Путины охин болон Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар хийлгэсэн. Харин Хятад улс өөрсдийн вакцинаа цэргүүд дээр ашиглажээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мөн 11 дүгээр сард болох сонгуулиас өмнө “Covid-19”-н вакциныг бэлэн болсон байхыг хармаар байгаагаа мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч ДЭМБ-ын мэдээлснээр, вакцинуудын аль нь ч шаардлагатай бүх эмнэлзүйн бүх туршилтыг давааагүй байгаа аж. 


Үүнтэй холбогдуулан зарим эрдэмтэн вакцины эрэл хайгуулыг хэтэрхий их улстөржүүлж байгаа нь олон нийтийн итгэлийг алдуулж болзошгүйд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.  


Ам өчгөө өгсөн 9 компани мэдэгдэлдээ ерөнхийлөгч Д.Трампыг дурдаагүй хэдий ч вакцин гарган авахдаа хийх алхам нь олны итгэлийг алдах ёсгүй гэдгийг онцолжээ.


Ийм амлалт өгсөн компаниудаас заримыг нь дурдвал “Johnson & Johnson, BioNTech, GlaxoSmithKline, AstraZeneca, Moderna”, “Novavax” компаниуд юм. 


Хүний эрүүл мэндэд заналхийлж буй хамгийн том аюулуудын нэгийг арилгахад тусалж буй эдгээр компаниуд нийт 70 гаруй вакцин гарган авчээ. ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий дахинд одоогоор 180 төрлийн вакцины туршилт хийгдэж байна. Гэсэн ч туршилт явуулахад урт хугацаа шаардагдах учир эдгээрээс алиныг нь ч энэ жилдээ багтан хэрэглэх боломжтой болно гэж ДЭМБ найдахгүй байна. Үүнээс гадна эдгээр вакцинаас аль нь ч дор хаяж 50 хувийн үр дүнг эцсийн байдлаар харуулах ДЭМБ-ын стандартын шаардлагыг хангаагүй байгаа юм.   


Халдварын тохиолдол Их Британид огцом нэмэгджээ

Сүүлийн өдрүүдэд Их Британид коронавирусний халдварын тохиолдлын тоо огцом нэмэгджээ. Тухайлбал, даваа гарагт өдөрт илэрсэн тохиолдлын тоо 2.9 мянга гаруйд хүрсэн нь 5 дугаар сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсад нийт 352.2 мянга гаруй тохиолдол илэрсэн байна. 


Долдугаар сарын дунд үеэс дөрөв дахин их тохиолдол Их Британид бүртгэгджээ. Дунд сургуулиуд цаашлаад их сургуулиудыг нээх нь нөхцөл байдлыг даамжруулна гэж болгоомжилж байна.


Халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдсэнээс дийлэнх нь 20-40 насны хүмүүс байсан төдийгүй өсвөр үеийнхэн болон 40-50 орчим насны хүмүүсээс халдварын маш олон тохиолдол илэрчээ.  


Цар тахал энэ улсад дэгдэж эхлэх үед халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь настай хүмүүс байсан юм. Гэсэн ч энэ нь коронавирусний шинжилгээг голдуу эмнэлэгт авч байсантай холбоотой байжээ. Харин залуу хүмүүсийн хувьд эмнэлэгт хүргэгдэх тохиолдол ховор учир статистик мэдээлэл албан ёсны мэдээдэлд орох нь бага байжээ. 


Орон нутагт дэгдсэн цар тахал өргөн хүрээг хамарч болзошгүй байна

Халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болсонтой холбоотойгоор хорио цээрийн дэглэмийг эрх баригчид хэтэрхий эрт сулруулсан гэж Их Британийн эрдэмтэд үзэж байна.


Зарим мужид цар тахлын дэгдэлт илүү өргөн хүрээг хамарч магадгүй байгаа тухай Лондоны коллежийн тархвар судлаач Эндрю Хейвард мэдэгджээ.


Асуудалд нухацтай хандахгүй бол шинээр илэрч буй тохиолдлууд хяналтаас гарч болзошгүйг тэрбээр дурдахын сацуу халдварын эрсдэлийг бууруулахын тулд ойрын хавьтлын хүмүүсийнхээ тоог бууруулах шаардлагатайг сануулав. 


Компаниудад цомхотгол хийгдсээр

Цар тахал Их Британийн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ажил олгогчид 300 мянга гаруй хүнийг цомхотгохыг зорьж байна. Зургадугааар сард тус улсын 1.8 мянга гаруй компани 156 мянга ажилтнаа цомхотгохыг зорьсон бол долдугаар сард 1784 фирм 150 мянга орчим хүнээ ажлаас нь чөлөөлөхөөр төлөвлөсөнийг өнгөрсөн оны үзүүлэлттэй харьцуулахад 7 дахин их үзүүлэлт болжээ.


Хөл хорионы арга хэмжээ эдийн засагт сөргөөр нөлөөлсний улмаас зоогийн газрууд, дэлгүүрүүд хаагдаж, аялал жуулчлалын ажиллагаа бараг л бүхэлдээ зогссон юм. Үүний улмаас компаниуд цомхотгол хийхээс өөр аргагүйд хүрчээ.


Хөдөлмөр эрхлэлтийн түвшинг авч үлдэх хөтөлбөрийн хүчинд 9.6 сая хүний ажлын байрыг хадгалж авч үлдсэн хэмээн эрх баригчид мэдэгдсэн байна. Үүнээс гадна олон компани зээл, тусламж авчээ.


Сүйрлийн ирмэг дээр буй  театр

Зугаа цэнгэлийн салбар сүйрлийн даваан дээр байгаа бөгөөд энэ салбарыг хөл хорионы дэглэм тогтоохоос өмнөх үеийн хэмжээнд ч сэргээх боломжгүйд хүрээд байгаа тухай хөгжмийн найруулагч Эндрю Ллойд Уэббэр парламентад мэдэгджээ.


Дэлхий дахинаа алдартай мюзикл бүтээлүүдийг зохиогч Уэббэр хэлэхдээ, “нийгмийн тусгаарлалтын нөхцөлд театрууд үйл ажиллагаагаа явуулах нь эдийн засгийн хувьд ашиггүй байх болно. Бид энэ салбараа нээж, ажиллуулах хэрэгтэй байна. Бид буцах боломжгүй ирмэг дээр зогсож байна” гэжээ. 


Хонконгт гурав дахь давлагаа дэгдсэний дараа хорио цээрийн дэглэмээ сулруулж байна

Олон улсад халдварын тохиолдол нэмэгдсээр байгаа хэдий ч зарим газар нөхцөл байдал дээрдэж байна. Тухайлбал, Хонконгт сүүлийн үед өдөрт 10 хүрэхгүй тохиолдлууд илэрч байна. Үүнтэй холбогдуулан хотын эрх баригчид зарим хязгаарлалтыг сулруулахаа мэдэгджээ. Тухайлбал, баасан гаргаас зарим спортын талбайнууд нээгджээ. 


Есдүгээр сарын 6-нд болох ёстой байсан парламентыг сонгуулийг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг өмнө нь Хонконгт гаргасан юм. Энэ шийдвэрийг хүмүүст хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг олгохгүйн тулд эрх баригчид цар тахлыг шалтаг болгон ашиглаж байна гэж эсэргүүцэгчид үзсэн юм.  


Бусад улс орнуудад:

Испанид халдварын тохиолдлын тоо цар тахал дэгдэж эхэлснээс хойш 534 мянга давж, хагас сая гаруй тохиолдол илэрсэн ЕХ-ны анхны улс болжээ. Сүүлийн долоо хоногуудад тус улсад халдварт өвчний дэгдэлтийн муруй дээшилж байна.


Данийн телевизийн мэдээлснээр, 35-аас доош насны хүмүүсийн 74 хувьд нь цар тахлын нөхцөл байдлын улмаас сэтгэл санаа нь хямарч, ганцаардах, байнгын ядрах шинж тэмдгүүд ажиглагджээ. 


Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн биеийн байдал сайжирч байна. Түүнийг Милан хотын эмнэлгээс ирэх долоо хоногт гаргах аж. 

Холбоотой мэдээ