БНСУ-аас 4 удаагийн нислэгээр мянга орчим иргэнээ татан авна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-18 15:14:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эх орондоо буцах хүсэлтэй байгаа монгол иргэдийн тоо харьцангуй их байгаа гадаадын орнуудын тоонд 5 улс орж байна. Үүнд:

  • БНСУ-аас 5028, 
  • АНУ-аас 2128, 
  • Казахстан улсаас 896, 
  • Туркээс 795, 
  • Австралид өнөөдрийн байдлаар 480 монгол иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байна. 


Гадаад улс орнуудаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан монгол иргэдийн тоо буурч байгаа талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээлж байна. Энэ сарын эхээр 11800 орчим иргэн байсан бол өнөөдөр энэ тоо 10 803 болж багасжээ. Дээрх тооны иргэдийн 50 орчим хувь нь БНСУ-аас ирэх хүсэлтэй иргэд байгаа тул тус улс руу хийх тусгай үүргийн нислэгийн тоог нэмж, энэ сард 4 удаагийн нислэгээр мянга орчим иргэдээ татан авахаар төлөвлөөд буйг ГХЯ-ын Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдэгдсэн. (Энэ сарын нислэгийн хуваарьт 15-16 болон 21, 24-ний өдөр гэж орсон).


Мөн энэ сард өмнө нь мэдэгдэж байснаар АНУ-аас ирэх иргэдийг Хонконгийн 2, Сөүл рүү хийх 1, нийт 3 удаагийн транзит нислэгээр татан авчирна. Сөүл рүү хийх транзит нислэгээр Шинэ Зеланд, Малайз, Вьетнам болон БНСУ-д байгаа монгол иргэд ирж байгаа юм. Үүнээс гадна мөн 9 дүгээр сарын сүүлээр АНУ-ын Сиатл руу дахин нэг нислэг үйлдэж, нийтдээ АНУ-аас 850 орчим иргэнээ татаж авах талаар ГХЯ-наас мэдэгдэж байна.

Эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийн дунд нисэх онгоцны тийзээ худалдан авч чадахгүй, санхүүгийн хүндрэлтэй хүмүүс байна. Ийм иргэдийн мэдээллийг гадаад орнууд дахь ЭСЯ-наас авч байгаа талаар ГХЯ-ын Консулын газар мэдээллээ. Ийм иргэдийн хувьд тодорхой шалгуур болон шаардлагыг хангаж буйг нягтлан хянаж, санхүүгийн боломжгүйг нотолсны эцэст Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн шугмаар эх орондоо ирэхийг нь шат дараатай шийдвэрлэхээ ГХЯ-ын Консулын газраас мэдэгдэж байна. 

Энэ талаар ГХЯ Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай өнгөрсөн 4 дүгээр сараас хамтран ажиллаж байгаагийн дагуу манай улсын 80 орчим иргэний буцах зардлыг гаргахад Засгийн газар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Тиймээс энэ ажлыг ойрын хугацаанд шийдэн хэрэгжүүлэх аж. 


Мөн гадаад улсын иргэдтэй гэр бүл болсон Монгол Улсын 205 орчим иргэнээс БНХАУ болон Япон улс руу зорчих хүсэлт гаргаснаас өнөөдрийн байдлаар 50 орчим иргэний хүсэлтийг шийдвэрлэжээ. Энэ сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарийг дахин танилцуулбал: 

  • 9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  •  9 сарын 12-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар 
  • 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар 
  • 9 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар 
  • 9 сарын 21-нд Сөүл-Улаанбаатар 
  • 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар 
  • 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар 
  • 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар 
  • 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.



Холбоотой мэдээ