Монгол гэрийн халаалт дулаалгын багцыг хэрэглээнд нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-09-23 19:34:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хамгийн их агаарын бохирдолтой таван аймгийн нэг Баянхонгорт монгол гэрийн халаалт, дулаалгын чип багцыг нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгчээ. Иймээс энэ ажлыг өргөжүүлэн нийслэл болон аймаг, сумдад нэвтрүүлэх хүсэлтэй байгаагаа БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенстэй өнөөдөр уулзахдаа илэрхийлсэн байна. 


Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НҮБ-ийн Хүүхдийн сан 2019 оноос хамтран хоёр гол чиглэлд буюу жирэмсэн ээж, хүүхдэд үзүүлж байгаа агаарын бохирдлын сөрөг нөлөөг багасгах, нөгөөтэйгүүр гэр хорооллын айл өрхийг нүүрснээс татгалзаж цахилгаан халаагуурт шилжүүлж, байгальд ээлтэйгээр амьдрахад төвлөрөн ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар дээрх уулзалтын үеэр мэдээлэл солилцсон байна.


Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэхдээ, “Швейцарын Хөгжлийн Агентлагаас санхүүжүүлэн БОАЖЯ, НҮБ-ийн Хүүхдийн сангаас хэрэгжүүлж буй агаарын бохирдлыг бууруулах төслөөр хэд хэдэн ажил хийсний нэг нь Баянхонгор аймагт нэвтрүүлсэн агаарын чанарын хяналтын төхөөрөмж. Өнгөрсөн өвөл туршлагадаа тулгуурлан монгол гэрийн халаалт, дулаалгын буюу чип багцыг дотоодын болон олон улсын түнш байгууллага, ШУТИС-тай хамтран гаргаж, аймгийн 200 гаруй өрхөд нэвтрүүлж, хэмжилт, судалгаа хийсэн. Ийнхүү цахилгаан халаагуурт шилжсэнээр эдийн засгийн хувьд хэмнэлттэйгээс гадна эрүүл, цэвэр орчинд амьдрах, цаг хугацаа хэмнэх олон эерэг үр дүн гарсан. Энэ багц нь БОАЖЯ, Банкуудын холбооноос хамтран гаргасан ногоон зээлийн нэг бүтээгдэхүүн болсонд баяртай байна” гэв.


БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Агаарын бохирдол ихтэй Баянхонгорт хоёр том ажил хийж, эерэг үр дүн гаргасанд бахархалтай байна. Тус аймагт хэрэгжүүлсэн монгол гэрийн халаалт, дулаалгын багц агаарын бохирдлыг буруулахад бодит хувь нэмэр оруулаад зогсохгүй иргэдийн тав тухтай орчинд амьдрах нөхцөл сайжирч байгаа нь сайхан мэдээ. Цаашид энэ ажлыг өргөжүүлэн нийслэл болон аймаг, сумдад нэвтрүүлэх хүсэлтэй байна. Түүнчлэн Засгийн газраас агаарын бохирдлыг 80 хүртэл хувиар бууруулах зорилтыг биелүүлэхийн төлөө бүх шатанд хамтран ажиллах”-аа илэрхийллээ.

Холбоотой мэдээ