Хууль хяналтын байгууллагуудын нэгдсэн өдөрлөг боллоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-09-25 13:34:31

Төв /МОНЦАМЭ/. “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт хууль хяналтын байгууллагуудын хамтарсан “Нэгдсэн өдөрлөг”-ийг Баяндэлгэр, Эрдэнэ суманд зохион байгууллаа. 

Тус өдөрлөгт аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хууль эрх зүйн хэлтэс, Цэргийн штаб, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Төрийн архивын тасаг, Шүүх, Прокурор, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Шүүхийн шинжилгээний алба, Улсын бүртгэлийн хэлтэс, Хууль зүйн туслалцааны төв, Төв адвокейтс хууль зүйн фирм болон Баяндэлгэр, Эрдэнэ сумын нутгийн удирдлагын байгууллага, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нийт 13 байгууллагын 35 албан хаагч  ажилласан байна. Энэ үеэр 11 төрлийн үйлчилгээг 95 иргэнд хүргэж, хууль зүйн туслалцааны төв, хууль зүйн фирм иргэдэд үнэ төлбөргүйгээр хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Хууль хяналтын байгууллагуудын хамтарсан “Нэгдсэн өдөрлөг”-ийн нэг онцлог нь Эрдэнэ суманд “Нээлттэй шүүх хуралдаан”-ыг Төв аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхээс зохион байгууллаа. Мөн Цэргийн штабаас Батлан хамгаалах хууль тогтоомжийг иргэдэд сурталчилж, цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээсэн болон 18 насанд хүрсэн иргэнд шинээр үнэмлэх олгох, Цэргийн алба хаасан хугацааны архивын лавлагааны захиалгыг цахимаар авах үйлчилгээг үзүүлсэн бол Төрийн Архивын тасгаас 14 иргэнд архивын лавлагаа, хуулбар гаргаж, Улсын бүртгэлийн хэлтсээс иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн байна. Шүүхийн шинжилгээний албанаас өдөрлөгт оролцсон иргэдийн цусны бүлгийг тодорхойлж, гарын хээний дардас авах зэрэг үйлчилгээг үзүүллээ.

Холбоотой мэдээ