“COVID-19” хаана хамгийн их тархсан бэ?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-09-30 12:28:47

ЛОНДОН. /BBC/. Дэлхий даяар шинэ коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо нэг сая давлаа. Халдвараар нас барсан анхны тохиолдол Хятад улсад энэ оны нэгдүгээр сард бүртгэгдсэнээс хойш 10-хан сарын дараа халдвараар нас барсан нэг сая дахь тохиолдол бүртгэгдлээ.


COVID-19” дэлхий даяар тархсан хэвээр байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 188 улс оронд 33 сая гаруй хүн халдвар авчээ. Мөн халдварын үзүүлэлтүүд олон бүс нутагт огцом нэмэгдэж байгаагийн зэрэгцээ эхний тархалтыг амжилттай хяналтад авсан зарим улс оронд ч дахин нэмэгдэх болоод байна.


Халдвараар нас барсан хүний тоо /тивээр/


Халдварын тохиолдол, нас барсан хүний тоо хаана нэмэгдэж байна вэ?

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ вирусний баталгаатай вакциныг өргөнөөр түгээж эхлэхээс өмнө халдвараар нас барсан хүний тоо хоёр саяд хүрч болзошгүйг анхаарууллаа. Сүүлийн саруудад Энэтхэг тэргүүтэй олон улс оронд халдварын шинэ тохиолдлын тоо олноор нэмэгдэх болжээ.


Энэтхэгт халдварын батлагдсан тохиолдлын тоо зургаан саяд хүрсэн нь АНУ-ын араас хоёрдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм. Вирус Энэтхэгт бусад улс орноос илүү хурдан тархаж байгаа бөгөөд тус улсад энэ сарын эхээр өдөрт халдварын 90 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн байна.


Энэтхэгийн Засгийн газар эдийн засгаа сэргээхийн тулд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн сулруулсантай зэрэгцэн халдварын үзүүлэлт өссөн боловч энэ нь шинжилгээнд хамруулж буй хүмүүсийн тоог нэмэгдүүлсэнтэй ч мөн холбоотой юм. Гэсэн хэдий ч Энэтхэгт халдвараар нас барсан хүний тоог хүн амын тоотой харьцуулсан үзүүлэлт нь бусад улс орныхоос бага байна.



Халдварын тохиолдлын тоо /тивээр/


Латин Америкийн орнуудаас Бразилд хамгийн олон буюу 140 мянга гаруй хүн халдварын улмаас нас баржээ. Мөн Бразилд 4.7 сая хүн халдвар авснаар халдварын тохиолдлын тоогоороо дэлхийд гуравдугаарт жагсаж байна. Түүнчлэн Аргентинд халдварын шинэ тохиолдлын тоо хурдацтай нэмэгдэх болж, өнөөдрийн байдлаар 700 мянга гаруй хүн халдвар авчээ.


Ойрхи Дорнодын орнуудаас Иранд халдвар хамгийн их тархсан бөгөөд тус улсад өнгөрсөн долоо хоногт халдварын шинэ тохиолдлын тоо энэ оны долоодугаар сарын эхэн үеэс хойших хамгийн өндөр хэмжээнд хүрчээ. Хил залгаа оршдог Иракт ч халдвар авсан хүний тоо аажмаар нэмэгдэж байна.


Мөн халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байгаа Индонезод 10 мянга гаруй хүн халдварын улмаас нас барсан нь Зүүн Өмнөд Азийн орнууддаа хамгийн өндөрт тооцогдож байна.



Халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр байгаа улс орнууд


Хэдийгээр Африкт халдварын 1.4 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн боловч тус тив дэх халдварын тархалтын үнэн бодит мэдээлэл тодорхойгүй байна. Африкийн орнуудад иргэдийг шинжилгээнд хамруулж буй түвшин сул байгаа тул бодит үзүүлэлтүүд өндөр байх магадлалтай байгаа юм. Африк тивдээ Өмнөд Африк, Египетэд халдвар хамгийн их тархжээ.


Европт халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэж байна

Европын хэд хэдэн оронд өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо өмнө нь бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгдэх болоод байна. Европын олон оронд дахин хөл хорио тогтоож, халдвар хамгийн их тархсан бүс нутгууддаа хязгаарлалтын арга хэмжээнүүдийг тогтоох шийдвэр гаргажээ.



Европын орнуудад сүүлийн саруудад халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буй үзүүлэлт


Хөл хорионы хязгаарлалтуудыг сулруулсны дараа халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдэх хандлага зөвхөн Европын орнуудад ажиглагдаагүй юм. Израилд сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо урьд бүртгэгдээгүй хэмжээнд хүрсэнтэй холбоотойгоор орон даяар дахин хөл хорио тогтоосон байна.


Мөн ОХУ, Перу, БНСУ, Канад, Австралид халдварын тохиолдлын тоо дахин нэмэгджээ. Гэсэн хэдий ч эдгээр улсын заримд хатуу арга хэмжээнүүдийг дахин хэрэгжүүлснээр халдварын үзүүлэлтүүд буурсан дүн үзүүлж эхэлжээ.



Бусад оронд халдварын тохиолдлын тоо нэмэгдэж буй үзүүлэлт


АНУ-д халдварын тохиолдол хоёр дахь удаагаа нэмэгдсэний дараа буурав

АНУ-д долоон сая гаруй хүн халдвар авсан нь дэлхий даяар бүртгэгдсэн халдварын нийт тохиолдлын тавны нэг гаруйтай тэнцэж байгаа юм. Долоодугаар сард халдварын тохиолдлын тоо хоёр дахь удаагаа нэмэгдсэн тус улсад наймдугаар сард буурсан боловч сүүлийн үед дахин нэмэгдэх болжээ.



АНУ-д өдөрт бүртгэгдэж буй халдварын үзүүлэлтүүд


Мөн АНУ-д халдварын улмаас 200 мянга гаруй хүн нас барсан нь дэлхийн аль ч улс оронд бүртгэгдээгүй өндөр үзүүлэлт юм. Вашингтоны их сургуулийн урьдчилсан тооцоогоор АНУ-д энэ оны эцэс гэхэд 310 мянга орчим хүн халдвараар нас барж болзошгүй байна. Харин америкчуудын 95 хувь нь олон нийтийн газарт байхдаа амны хаалт зүүвэл уг үзүүлэлт 273 мянга орчим байх боломжтой ажээ.


Коронавирус хэрхэн тархсан бэ?

“COVID-19” амьсгалын замын халдварт өвчнийг үүсгэдэг шинэ коронавирус 2019 оны сүүлээр Хятадын Ухань хотод анх бүртгэгдсэн юм. Уг халдвар 2020 оны эхний саруудад дэлхий даяар хурдацтай тархаж, ДЭМБ гуравдугаар сарын 11-нд цар тахлын хэмжээнд хүрснийг зарлажээ.



Дэлхий даяар халдварын тохиолдлын тоо хурдацтай нэмэгдсээр байна


Аливаа халдварт өвчин нэгэн зэрэг дэлхийн олон оронд тархсан тохиолдолд цар тахал хэмээх ангилалд оруулдаг. Европ, Хойд Америкт дөрөвдүгээр сард халдвар ихээр тархсан бөгөөд тэдгээр орнуудад саарч эхлэх үед Латин Америк, Азид халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж эхэлсэн юм.


Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд халдварын тархалтыг сааруулахын тулд олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлаж, бизнесийн үйл ажиллагаануудыг зогсоохоос өөр аргагүйд хүрсэн бөгөөд энэ нь дэлхийн эдийн засагт асар их сөрөг нөлөө үзүүлсэн байна.


“Дэлхийн томоохон эдийн засгуудад учирсан үр дагавар 2009 оны дэлхийн санхүүгийн хямралынхаас дөрөв дахин өндөр байна” гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас /OECD/ мэдээлжээ. Үүнээс гадна “COVID-19”-ийн улмаас энэ оны эцэс гэхэд 265 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүй байгааг НҮБ анхааруулсан байна. 

Холбоотой мэдээ