Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-10-05 11:11:21

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас энэ оны санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын төлөвлөгөө, албаны даргын баталсан 23 тоот удирдамжийн дагуу Иххэт сумын ИТХ, ЗДТГ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагын 2018-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд энэ оны есдүгаар сарын 03-10-нд  хяналт шалгалт хийлээ.

Мөн Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сан, Байгаль хамгаалах, нөхөн сэргээлтийн сан зэрэг Засгийн газрын тусгай сангуудын 2018-2020 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд ч хяналт шалгалт хийсэн аж.

Шалгалтаар давхардсан тоогоор 72 хүнтэй холбоотой 8255.2 мянган төгрөгийн төлбөр зөрчил илрүүлж орон нутгийн төсөвт нөхөн төлүүлэхээр 5713.7 мянган төгрөг, буцааж олгуулахаар 2541.5 мянган төгрөгийн төлбөрийн акт тогтоосон байна.

Цаашид алдаа зөрчлийг давтан гаргахгүй байх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, ажиллах талаар зөвлөмжийг дүнгийн хурлын үеэр холбогдох албан хаагчдад өгсөн аж.

Холбоотой мэдээ