Коронавирус агаарт хэдэн цагаар байх боломжтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-06 12:24:29

НЬЮ-ЙОРК. /TASS/. Коронавирус агаарт удаан хугацаанд байснаар агаар дуслын замаар халдварлах боломжтой гэдгийг АНУ-ын халдварт өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдэгджээ.


Мэргэжилтнүүд халдварт өвчин хэрхэн тархдаг тухай материалаа шинэчилжээ. Коронавирусний халдварт өвчин хүмүүс хоорондын ойрын хавьтлын үед голдуу дамжин халдварладаг гэдгийг өмнө нь материалд дурдсан байжээ. Харин одоо халдвар авсан хүн ханиаж, найтаах үед вирусийг агуулсан бичил дуслууд агаарт хэдэн цагийн турш байх боломжтой гэж үзэж байна.  


COVID-19”-өөр халдварласан хүмүүс тодорхой нөхцөлд 1.8 метр орчмын зайд байсан хүмүүст халдвар тараасан гэх нотолгоо бий. Агааржуулалт хангалтгүй битүү орчинд иймэрхүү тохиолдлууд гарсан” хэмээн төвийн мэргэжилтнүүд мэдэгджээ.


Гэсэн ч өвчин агаар дуслын замаас илүү “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдтэй ойрын хавьтсан тохиолдолд дамждаг болохыг Халдварт өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв онцолжээ.


32 орны 239 мэргэжилтнээс бүрдсэн судлаачид ДЭМБ-ын удирдлагад нээлттэй захидал илгээсэн тухай "The New York Times" сонин 7 дугаар сард мэдээлж байсан юм. Захидалд коронавирус агаарт удаан хугацаанд байснаар агаар дуслын замаар дамжих боломжтой гэдгийг тэмдэглэсэн байжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, вирусийг агуулах бичил дусал агаарт ДЭМБ-ын тооцоолж байгаагаас илүү урт хугацаанд байх боломжтой аж. Иймд албан байгууллагууд зарим зөвлөмжөө эргэн харах хэрэгтэйг мэргэжилтнүүд цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ