Киргизийн Сонгуулийн төв хороо парламентын сонгуулийн дүнг хүчингүйд тооцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-06 16:55:23

БИШКЕК. /RIA Novosti/. Киргизийн Сонгуулийн төв хороо өнгөрсөн парламентын сонгуулийн дүнг хүчингүйд тооцлоо гэж тус хорооны гишүүдийн нэг РИА Новости агентлагт мэдээлжээ.


Сонгуулийн урьдчилсан дүнгээр, Киргизийн хууль тогтоох байгууллагад Засгийн газрын талыг баримтлагч "Биримдик" нам (24.52 хувийн санал авсан), "Мекеним Кыргызстан" нам (23,89), мөн төвч үзлийг баримтлагч "Кыргызстан" (8,73), "Бутун Кыргызстан" (7,11) намууд орсон байна.


Үлдсэн намууд долоон хувийн босгыг давж чадаагүй бөгөөд олон тооны зөрчил гарсан гэж мэдэгджээ.


Сонгуульд ялагдсан намуудын дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан бөгөөд тэдгээрийн нэг нь Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевын хүү Сейитбек Атамбаевын "Киргизийн социал демократууд" нам юм. Жагсагчид дахин санал хураалт явуулахыг шаарджээ. Улмаар даваа гаргийн орой цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн болж, 590 хүн гэмтэж, нэг хүн амиа алдсан байна.


Жагсагчид мягмар гарагт шилжих шөнө парламентын ордныг эзлэн авч, дараа нь Ерөнхийлөгч асан Атамбаевыг Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны цагдан хорих ангиас, Ерөнхий сайд асан Жантөрө Сатыбалдиевыг хорих ангиас сулласан юм.


Жагсагчид мөн Бишкек хотын шинэ даргыг тунхаглаж, шинэ Ерөнхий сайдыг томилохоор болсноо зарлажээ.

Холбоотой мэдээ